Ахмадууд үнийн өсөлтөд судалгаа хийжээ
МАН-ын Шинэчлэлийн хорооны ахмадын зөвлөл өнөөдөр ахмадуудын тэтгэвэр тэтгэмж амьдралд нь хүрэлцэхгүй байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Мэдээллийн алба

МАН-ын Шинэчлэлийн хорооны ахмадын зөвлөл өнөөдөр ахмадуудын тэтгэвэр тэтгэмж амьдралд нь хүрэлцэхгүй байгаа талаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн бага хуралд Шинэчлэлийн хорооны Ахмадын зөвлөлийн гишүүд оролцсон юм.
Шинэчлэлийн хорооны ахмадын зөвлөлөөс сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар судалгаа хийсэн байна. Судалгаагаас авч үзэхэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүд өмнөхтэй харьцуулвал дунджаар 35 хувиар өссөн байна. Гэвч иргэдийн тэтгэвэр, тэтгэмж 2014 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд 3000-9000 төгрөгөөр нэмэгдсэн нь ахмад настнуудын худалдан авах чадварыг огцом бууруулж, сар шинийн баяраа тэмдэглэж чадалгүй өнгөрөх ахмадууд жилээс жилд нэмэгдэж байгаа хэмээн тус хорооны ахмадын зөвлөл үзэж буй юм байна.
Иймээс тэд төр засгийн зүгээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх талаар бодитой арга хэмжээ авах саналыг гаргаж, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хүсэлт хүргүүлэхээр болсон байна.



















