"Алтан гадас" хүүхдийн олон улсын урлагийн XII их наадмыг “Русский дом”-д зохион байгуулна
"Алтан гадас" хүүхдийн олон улсын урлагийн их наадмыг 5 дугаар сарын 1-2-нд Улаанбаатар дахь “Русский дом”-ын их тайзнаа зохион байгуулахаар болжээ. Тус наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын 500 гаруй хүүхэд оролцохоор мэдүүлгээ илгээжээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар дахь “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн дэмжлэгтэйгээр Соёлын аялал жуулчлалын олон улсын нийгэмлэг, ОХУ-ын Эрхүү мужийн Ангарск хотын Гадаад эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны төв нийгэмлэг, тус хотын "Нефтехимик" Соёлын ордон хамтран "Алтан гадас" хүүхдийн олон улсын урлагийн их наадмыг 5 дугаар сарын 1-2-нд Улаанбаатар дахь “Русский дом”-ын их тайзнаа зохион байгуулахаар болжээ. Тус наадамд Монгол, ОХУ, БНХАУ-ын 500 гаруй хүүхэд оролцохоор мэдүүлгээ илгээжээ.
Тодруулбал, "Алтан гадас" хүүхдийн олон улсын урлагийн XII их наадамд Монгол Улсаас Монголын хүүхдийн ордны бүжгийн хамтлагууд, нийслэлийн “Уухай”, “Мэри поса”, “Суран жолоо” бүжгийн студи, Улаанбаатар дахь "Русский дом" -ын дэргэдэх монгол ардын болон сонгодог бүжгийн "Suvd dance" студи, "Амархүү вокалс" сургууль, Багануур дүүргийн “Бүжиг-бүжиг” студи, Дорноговь аймгийн "Саруул дэнж" болон “Magic club” студи, “Говийн уянга борхойн дэг” хамтлаг, Орхон аймгийн "Цоглог залуус" хамтлаг орох юм байна.
Харин ОХУ-аас Эрхүү мужийн Эрхүү болон Ангарск хотын бүжигчин хүүхдүүд болон Буриадын "Байкал" театрын дэргэдэх бүжгийн студийн суралцагч нар оролцох бол БНХАУ-ын ӨМӨЗО-ын оролцогчид цахимаар оролцох хүсэлтэй байгаа аж.


















