АН-ын бүлгийн шийдвэрийг дэмжээгүй гишүүдэд хариуцлага тооцно
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж ээлжит бус чуулгантай холбоотой асуудлын талаар хэлэлцсэн.
Мэдээллийн алба

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж ээлжит бус чуулгантай холбоотой асуудлын талаар хэлэлцсэн. АН-ын бүлгээс дөнгөж сая дараах шийдвэрүүдийг гаргажээ. Тодруулбал:
1. Ерөнхий сайд болон Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгдсэн.
2. Нөхөн томилох зургаан сайдыг УИХ-ын гишүүдээс бүрдүүлэхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт үүрэг болгосон.
3. УИХ-аар хэлэлцэж буй хууль болон бусад шийдвэрүүдийг бүлгийн гишүүд 100 хувь дэмжиж ажиллана.
Мөн бүлгээс гаргасан дээрх шийдвэрүүд болон бусад шийдвэрийг дэмжээгүй АН-ын гишүүдийн үйлдэл болон эс үйлдэхүйд намын дүрмийн дагуу хариуцлага тооцох шийдвэрийг ч гаргажээ.
Өөрөөр хэлбэл ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Өршөөлийн тухай хууль, Галт зэвсгийн тухай хууль зэрэг таван хуулийг АН-ын бүлэг 100 хувь дэмжиж ажиллана гэсэн юм. Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн намын дарга З.Энхболдод хүргүүлсэн шаардлагыг намын дүрэм, журмын дагуу шийдэх аж.
Дашрамд дурьдахад, Төрийн албан хаагчдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Энхболд, Я.Эрдэнэсайхан нар өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдыг хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаагаа мэдэгдсэн юм.


















