АНУ-ын Массачусетсийн технологийн институттэй хамтран ажиллана
Монгол Улсын төрийн бодлого, олон улсын хөгжлийн чиг хандлага, дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр АНУ-ын Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгчид хандан дээд боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах саналаа албан захидл
Мэдээллийн алба

Монгол Улсын төрийн бодлого, олон улсын хөгжлийн чиг хандлага, дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр АНУ-ын Массачусетсийн технологийн институтийн ерөнхийлөгчид хандан дээд боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр хамтран ажиллах саналаа албан захидлаар хүргүүлжээ. Энэ саналын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны баг Массачусетсийн технологийн институтид ажиллаж, тус сургуулийн Гадаад харилцаа хариуцсан захирлаар ахлуулсан баг хамтран ажиллах нөхцөлийн урьдчилсан судалгаа хийхээр Улаанбаатарт ирж, ШУТИС, МУИС, МГХДС болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд ажилласан байна.
Харин өнгөрөгч тавдугаар сарын 15-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Массачусетсийн технологийн институтийн Дэд ерөнхийлөгч Клауд Канизарес нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан сургалт судалгаа хийх, профессоруудтай сургалт, арга зүйн чиглэлээр хамтрах, зочин багшаар ажиллах талаар харилцан тохиролцжээ.
Массачусетсийн технологийн институт 1861 онд байгуулагдсан бөгөөд тус сургуулийн төгсөгчдөөс Нобелийн шагналтан 81 төрөн гарчээ. Дэлхийн шилдэг их, дээд сургуулиудын чансааг тодорхойлдог QS жагсаалтыг сүүлийн гурван жилийн турш тэргүүлж байгаа энэ сургуульд манай улсаас 15 оюутан суралцаж байгаа болон суралцан төгсчээ. Өнөөдрийн байдлаар Массачусетсийн технологийн институт 11 мянган оюутан, 1000 гаруй профессор, 800 гаруй багштайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Нэмж мэдээлэхэд, Засгийн газрын ээлжит хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн бөгөөд Массачусетсийн технологийн институттэй хамтын ажиллагааны гэрээг энэ сарын 15-20-нд байгуулна.


















