Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Мэдээллийн алба

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүллээ.
О.Н нь Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа нэр бүхий аж ахуйн нэгжийн гаалийн мэдүүлэгт хяналт шалгалт хийсний хариуд хахууль авсан гэх, Ж.Э нь Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн газарт мэдүүлж буй жимс, ногооны төрлийн барааны гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа өөртөө хууль бус давуу байдлыг бий болгох зорилгоор нэр бүхий гаалийн байцаагч нарт удаа дараагийн үйлдлээр нийт 43,0 сая төгрөгийн хахууль өгсөн гэх, Г.Б нь Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газарт гаалийн улсын байцаагчаар ажиллаж байхдаа 155,7 сая төгрөгийн татвар ногдуулах барааг илрүүлсэн атлаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад 233,5 сая төгрөгийн хууль бус давуу байдал бий болгосон гэх зэрэг эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, прокурорын байгууллагад шилжүүллээ.
Авлигатай тэмцэх газраас 2026 оны 5 дугаар сард улсын хилээр бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт шалгалт хийхдээ бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бараа тээвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж үргэлжилсэн үйлдлээр хахууль авах, хууль бусаар олсон орлогын эх үүсвэр, бодит шинж чанарыг өөрчлөн мөнгө угаасан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Одоогийн байдлаар гаалийн улсын байцаагч болон гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тээвэрлэгч нарт холбогдох 20 хэргийг шүүхэд шилжүүлснээс 17 хэрэг нь шүүхээр шийдэгдсэн бол 1 хэрэг Замын-Үүд дэх Сум дундын шүүхэд, 3 хэрэг Нийслэлийн Прокурорын газарт хянагдаж байгаа бөгөөд 4 хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байна.


















