Хятадын робот үйлдвэрлэгчид хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд илүү анхаарч байна
Мэдээллийн алба

Хятад улсын робот үйлдвэрлэгчид хүн дүрст роботуудын хөдөлгөөн, гадаад хийцийг сайжруулахаас илүүтэй бие даан суралцах, орчноо таних, төрөл бүрийн ажил гүйцэтгэх хиймэл оюун ухааныг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлжээ.
Өмнө нь роботыг гүйлгэх, бүжиглүүлэх, төрөл бүрийн хөдөлгөөн хийлгэхэд анхаарч байсан компаниуд одоо үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйн орчинд бодит ажил гүйцэтгэх чадварыг нь сайжруулахыг зорьж буйг Ройтерс агентлаг мэдээлэв.
Хятад улсын биет хиймэл оюун ухааны салбарын компаниуд 2026 оны эхний зургаан сард 322 хэлцлээр нийт 93.5 тэрбум юань буюу 13 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт татжээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс тав дахин өссөн үзүүлэлт юм.
Биет хиймэл оюун ухаан гэдэг нь робот орчноо мэдэрч, мэдээлэл боловсруулан, урьдчилан программчлаагүй нөхцөлд ч шинэ үйлдэл суралцаж, гүйцэтгэх боломж олгодог технологи юм.
Тухайлбал, роботуудад хүний хөдөлгөөнийг дуурайлган сургах, тусгай мэдрэгч ашиглан үйлдэл бүрийн мэдээллийг цуглуулах, компьютерын хийсвэр орчинд олон дахин турших аргуудыг хэрэглэж эхэлжээ.
Энэ чиглэлээр Хятад улсын X Square, Galaxea, Spirit AI зэрэг компаниуд хиймэл оюун ухааны шинэ систем хөгжүүлж, роботыг үйлдвэр, эмийн сан болон бусад ажлын байранд туршиж байгаа аж.
Олон улсын робот техникийн холбооны мэдээллээр дэлхий даяар 2025 онд 603 мянган үйлдвэрлэлийн робот шинээр суурилуулж, ашиглалтад байгаа нийт роботын тоо таван саяыг давжээ.
Гэсэн ч хүн дүрст роботууд танил бус орчинд найдвартай ажиллах, олон төрлийн үйлдлийг алдаагүй гүйцэтгэхэд технологийн хүндрэлүүд тулгарсаар буйг мэргэжилтнүүд онцлов.
Судлаачдын үзэж буйгаар роботууд бие даан суралцаж, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт өргөн хүрээнд ашиглагдах хүртэл хэдэн жилийн хөгжүүлэлт шаардлагатай байж болзошгүй юм.


















