Аркадий Дворкович Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогджээ
Энэтхэгийн Ченнай хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгууль боллоо.
Мэдээллийн алба

Энэтхэгийн Ченнай хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын үеэр Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчийн сонгууль боллоо.
Энэ сарын 7-нд болсон тус сонгуулийн санал хураалтад Монгол Улс тэргүүтэй нийт 178 орны Шатрын холбооны тэргүүн оролцож, Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгч Аркадий Дворкович 157 хүний саналаар Дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогджээ.
Түүнтэй өрсөлдсөн Украины шатрын их мастер Андрий Барышполец 16 хүний санал авсан бол нэг санал хүчингүйд тооцогдож, 4 хүн цагаан санал өгсөн байна.
Түүнчлэн тэр хоёртой цуг нэр дэвшин өрсөлдсөн Францын иргэн, Дэлхийн шатрын холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг 2018-2022 онд хашсан Башар Куатли санал хураалт эхлэхээс өмнө үг хэлснийхээ дараа нэрээ татжээ.
Харин Дэлхийн шатрын холбооны шинэ дэд ерөнхийлөгчөөр шатрын дэлхийн таван удаагийн аварга Вишванатан Ананд сонгогдлоо.


















