Архангай аймгийн аварга шалгаруулах үндэсний бөхийн тэмцээн болов
Тэмцээнд улс, аймгийн цолтой болон залуу бөхчүүд нийлсэн 23 бөх барилдаж, уран мэх, хурд хүчээ сорьсон юм.
Мэдээллийн алба

Архангай аймгийн Засаг даргын нэрэмжит үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн тус аймгийн Биеийн тамир спортын газрын зааланд боллоо.
Анх 1997 онд зохион байгуулагдсан уг тэмцээн хэсэг завсардаж, өнгөрсөн жилээс явуулахаар болсон бөгөөд энэ жил хоёр дахь удаагаа болов.
Тэмцээнд улс, аймгийн цолтой болон залуу бөхчүүд нийлсэн 23 бөх барилдаж, уран мэх, хурд хүчээ сорьсон юм.
Тойргоор барилдсан энэхүү тэмцээнд 19 даваагаар Хашаат сумын харьяат аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнэ мөн 19 даваагаар Хотонт сумын харьяат Л.Жамбал, Батцэнгэл сумын харьяат аймгийн харцага Б.Зоригтбаатар нар тэргүүлж, шагналыг аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан, Монгол Улсын аварга Ч.Санжаадамба нар гардууллаа.
Түүнчлэн үүнтэй давхцуулан “Бөхбилэгт” дэмжээний бөхчүүдийг аймгийн бөхчүүдтэй хамтад нь хаврын сэргээлтийн бэлтгэлд гаргажээ.
Ингэснээр Архангай нутгийн бөхчүүдийн чанар чансаа, хурд, хүч сайжирч, цол нэмэх бөхийн тоо олширно хэмээн нутгийн удирдлагууд хэлж байв.


















