Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Азийн наадам эхлэхэд гурав хоног үлдлээ

“Инчеон-2014” Азийн зуны спортын 17 дугаар наадам БНСУ-ын Инчеон хотноо эхлэхэд гуравхан хоног үлдээд байна.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Азийн наадам эхлэхэд гурав хоног үлдлээ
Азийн наадам эхлэхэд гурав хоног үлдлээ. Зураг: МҮОНРТ

“Инчеон-2014” Азийн зуны спортын 17 дугаар наадам БНСУ-ын Инчеон хотноо эхлэхэд гуравхан хоног үлдээд байна.

Азийн орнуудын анхдугаар наадмыг 1951 онд Энэтхэг улсад зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Өдгөө тус наадам дөрвөн жил тутамд Азийн олимпийн зөвлөл /АОЗ/-ийн шийдвэрээр зохион байгуулах улсыг сонгож хэвшсэн байна. АОЗ-ийн шийдвэрээр тус наадмыг Тайланд улс хамгийн олон удаа буюу 1966, 1970, 1978, 1998 онд зохион байгуулжээ.

Харин БНСУ гурав, БНХАУ, Япон, Энэтхэг улс тус бүр хоёр, Филиппин, Индонези, Иран болон Катар улсууд тус бүр нэг удаа зохион явуулсан байна.

Энэ удаагийн 17 дугаар наадмыг хүлээн авсан Инчеон хотын хувьд зохион байгуулалт, санхүүжилт, үйлчилгээ зэрэг бүхий л талаар онцлог наадам явуулна гэсэн уриатай ажиллаж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог Азийн наадам ирэх баасан гарагт буюу есдүгээр сарын 19-нд нээлтээ хийж 10 дугаар сарын 4-нд өндөрлөнө. 17 дахь удаагийн Азийн зуны спортын наадамд Азийн олимпийн зөвлөлд /OCA/ багтдаг 45 орны баг шилдэг тамирчид спортын 36 төрөлд 439 багц медалийн төлөө өрсөлдөнө. Энэ наадмын дараа тус хотод Азийн Паралимпийн II дахь удаагийн “Инчеон-2014” наадам 10 дугаар сарын 18-24-нд болно.

Монголын баг тамирчид 1974 онд Ираны нийслэл Тегеран хотноо болсон VII наадмаас эхлэн оролцож буй бөгөөд анхны наадмаас хоёр алт, хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртэж байсан юм. Монголын баг тамирчид 15 алт, 33 мөнгө, 68 хүрэл медаль, нийтдээ 116 медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байна.

Дашрамд сонирхуулахад, Азийн 17 дугаар наадмын хөлбөмбөгийн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг оролцож байгаа бөгөөд өнгөрсөн ням гарагт хэсгийн эхний тоглолтууд боллоо. Эрэгтэй 29 баг найман хэсэгт хуваагдсан бөгөөд тэмцээний хуваарийн дагуу “А”, “С”, “D” хэсгийн эхний тоглолтууд болж, Саудын Араб, БНСУ, Палистин, Тажикстан, Ирак, Япон улсын шигшээ баг эхний хожлоо авсан бол даваа гарагт “В”, “Е”, “F”, “G”, “H” хэсгийн эхний тоглолтууд болжээ. Эмэгтэй хөлбөмбөгт 11 орны баг тамирчид оролцож байна.

Хуваалцах