Б.Ариунсанаа: Үлээвэр хөгжимчин байлдагч болсондоо баяртай байна
Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнхан хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн хөгжмийн салаатай болоод байна.
Мэдээллийн алба

Зэвсэгт хүчний 326 дугаар ангийнхан хугацаат цэргийн алба хаагчдаас бүрдсэн хөгжмийн салаатай болоод байна. Авьяаслаг дайчдын нэгэн төлөөлөл байлдагч Б.Ариунсанаатай ярилцлаа.
-Танд удахгүй болон “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчний 101 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад хугацаат цэргийн алба хааж байгаа бүх онжавууддаа болон эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч, ажилтан албан хаагчид, ахмад дайчдадаа “Монгол цэргийн өдөр”-ийн баярын мэнд хүргэе. Намайг Базаррагчаагийн Ариунсанаа гэдэг. “Их засаг” их сургуульд эрх зүйч мэргэжлээр хоёрдугаар дамжаанд суралцаж байгаад цэргийн албанд татагдан ирсэн.
-Хөгжмийн салаанд анх шалгуулахаар орж байсан сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Намайг авахгүй, тэнцэхгүй байх вий гэдгээс их айсан ч аз болоход тэнцсэн. Өмнө нь цэрэгт ирэхээсээ өмнө морин хуур, гитар тоглож сурсан л даа. Одоо харин цуг алба хааж буй найзууддаа морин хуур, гитарын дугуйлан хичээллүүлж, өөрийн сурснаа бусдад түгээж байна.
-Таны бодлоор хөгжим сурахын давуу тал юу вэ?
-Би айлын том, хоёр дүү маань надаар маш их бахархдаг. Хүн энэ хорвоод ганцхан амьдрах учраас аливаа зүйлийг сурч, ямар ч ажлыг хийх универсал буюу хөрвөх чадвартай байх хэрэгтэй гэж боддог. Тийм ч учраас би хөгжмийн бүх зэмсгийг сурна гэсэн зорилгыг өвөртөлсөн. Хоёрт, хугацаат цэргийн албанаасаа улирах юм. Эр хүний сүлд хийморь цэргийн алба хаагчдад байдаг гэж би үздэг. Ямар ч байсан эхлээд эрх зүйч мэргэжлээрээ сургуулиа дүүргэнэ. Тэгээд дараа дараагийн зорилгоо тодорхойлно доо. Аав маань бусдадаа хөгжим зааж байгааг сонсоод “Миний хүү мундаг байна, сайн байна” гэж магтсан. Аав маань надад аливаа зүйлийн мууг нь биш, сайныг нь сурч аваарай гэж захидаг.
-Цэргийн алба хаах жилийн хугацаандаа өөрийгөө хөгжүүлэх боломж байдгийг та өөрөөрөө бусдадаа харуулж байна.
-Би цэргийн албанд ирэхдээ хоёр зорилгыг тээж ирсэн. Эхнийх нь бие бялдраа хөгжүүлэх, удаах нь сэтгэл зүйгээрээ хөгжье. Харин энэ хоёр зорилго маань гурав болж нэмэгдсэн. Гурав дахь зорилго маань хөгжмөө сайн сурах. Хөгжим маань надад маш их таалагддаг. Чөлөөт цаг гарвал л онжавуудтайгаа хөгжмөө тоглож байна. Миний хувьд нот унших чадвар муу. Багш нараасаа заалгаж, нот уншиж сурч байна. Аливаа зүйлд хичээл, чармайлт маш чухал. Багш сайн байгаад шавь нь хичээхгүй бол ямар ч сургалт үр дүнгүй болно шүү дээ. Монголын хамгийн анхны байлдагч-үлээвэр хөгжимчин болж байгаагаараа бахархаж байна. Хугацаат цэргийн алба хааж байх хугацаандаа Монгол Улсын Зэвсэгт хүчинд Ариунсанаа нэрийн эхний үгийг ч гэсэн үлдээж чадсан гэж бодож байна. Аав маань ч гэсэн хүүгээрээ бахархаж байгаа нь дамжиггүй. Үхэхэд үлдэх үр, дуурсах нэр хоёр үлддэг юм гэсэн. Тэр ч утгаар өөрийгөө дуурсгах нэртэй байлгахын тулд өнөөдөр би хөгжим сурч буй аавын хүү гэж бодож байна.
Хуурай замын цэргийн командлал


















