Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Б.Бямбасайхан: Газрын гүнд Улаанбаатараас Дархан хүрэх зайны урттай хонгилыг байгуулна

"Асуулт" байна радио ярилцлагын энэ удаагийн зочноор Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал, Оюу толгой компанийн Монголын талын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Бямбасайхан оролцлоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 11 минут
Б.Бямбасайхан: Газрын гүнд Улаанбаатараас Дархан хүрэх зайны урттай хонгилыг байгуулна
Б.Бямбасайхан: Газрын гүнд Улаанбаатараас Дархан хүрэх зайны урттай хонгилыг байгуулна. Зураг: МҮОНРТ

"Асуулт" байна радио ярилцлагын энэ удаагийн зочноор Эрдэнэс Монгол компанийн гүйцэтгэх захирал, Оюу толгой компанийн Монголын талын төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Бямбасайхан оролцлоо.


-Ойрдоо та ажил ихтэй байна уу? УИХ-ын чуулгын нэгдсэн хуралдаанаар Оюутолгойн талаар асуулгад хариуллаа, далд уурхайн санхүүжилт босгох ажил өрнөж байгаа байх.

Өнөөдөр Оюутолгойн компанийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эргээд сэргэлээ. Үүнтэй холбоотойгоор ТУЗ-ийн зүгээс компанийн удирдлагад тодорхой төлөвлөгөөний дагуу явах, түүнийгээ эргэж тайлагнах үүрэг даалгавар өгөөд ажил нилээн урагштай байна. Ялангуяа энэ том гүний уурхайн төслийн санхүүжилтийг ойрын хугацаанд олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээлэх асуудлаа нэг тийш нь болгож байна. Удахгүй зээлийн гэрээнүүд зурагдаад явна гэсэн итгэл өндөр байна. Хамгийн гол нь өнөөдөр Оюутолгойн компанийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил сэргэснээр энэ компанийн гүний уурхайн бүтээн байгуулалттай холбоотой ажлын байр эргээд бий болж байна. Долдугаар сараас хойш 100 гаруй ажлын байр шинээр нэмэгдсэн. Гүний уурхайн инженер, энэ уурхайн барилгын ажилд оролцдог мэргэжлийн хүмүүс эргээд ажилдаа орж байна. Энэ бол том дохио гэж хэлж болно.

-Одоо Оюутолгойн компани яг ямар ажил дээр төвлөрч байна вэ? Санхүүжилт босгох нь гол ажил байна уу?

Оюутолгой компани олборлолт, борлуулалтаа хийгээд явж байна. Энийг мартаж болохгүй. Маш хэвийн үйл ажиллагаатай байна. Өнөөдөр Оюутолгойн үйл ажиллагаанд 6400 орчим хүн шууд болон шууд бусаар оролцож байна. Үүний 95 хувь нь монгол ажилчид.

-Энэ тоо туслан гүйцэтгэгч компанид ажиллаж байгаа хүмүүсийг оруулсан тоо. Яг Оюутолгойн компанийн хувьд хичнээн хүн ажиллаж байна вэ?

Хоёр мянга таван зуу орчим

-Гүний уурхайн олборлолт хэзээ эхлэх вэ? Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу?

Оюутолгойн ордын нийт нөөцийн 80 орчим хувь нь гүний уурхайгаас гарах ёстой. Гүний уурхайн бүтээн байгуулалт, барилгын ажил одооноос эхлээд явж байна. Энэ ажил 5-6 жил үргэлжилнэ. Энэ нь ямар ажил байх вэ гэхээр газрын гүнд мянга таван зуун метрийн доор, Улаанбаатараас Дархан хүрэх хэмжээний хонгилууд барьж байгуулна. Бүтээн байгуулалтын үйл ажиллагаа дуусаад олборлолт эхлэнэ. Тэгснээр дэлхий дээр хамгийн өрсөлдөх чадвартай алт, зэсийн уурхай болно. Өнөөдөр зөвхөн ил уурхайгаас олборлолтоо хийж байна.

-Одоо газрын гүнд доошоо мянга таван зуун метр ухчихсан байдаг тийм үү?

Тийм, та бүхэн мэдэж байгаа. Хоёр жил гаруйн өмнө гүний уурхайн бүтээн байгуулалтыг царцаасан. Өмнө нь барилгын үйл ажиллагаа явж байсныг зогсоогоод, одоо эргээд сэргээд явж байна.

-Гүний уурхайн бүтээн байгуулалт дээр гадны ажилчид ажиллах уу, Монгол хүн байх уу? Хичнээн Монгол хүн ажиллах вэ?

Урьдчилсан тооцоогоор гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад гурван мянга орчим шинэ ажлын байр нэмэгдэнэ. Гурван мянган Монгол хүн ажилтай болно гэж ойлгож болно. Мэдээж хэрэг гүний уурхайн бүтээн байгуулалтад нарийн мэргэшсэн ажилтнууд хэрэгтэй болвол дэлхийн хаанаас ч хамаагүй авчирж, хамгийн сайн мэргэжилтнүүдийг ажиллуулна. Энэ бол ерөөсөө л амжилттай бизнес хийх зарчим. Оюутолгой дэлхийн хэмжээний уурхай явуулж байна. Өргөтгөлөө хийж байна. Мэдээж хамгийн түрүүнд Монголчуудаа ажилтай болгоно. Яг нарийн мэргэжлийн ажил дээр Монгол хүн байна уу, гадны хүн байна уу хамаагүй ажилуулна.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтад зориулж 4,2 тэрбум америк долларын санхүүжилт босгоно. Энэ мөнгө Монгол улсын төсөвт бэлнээрээ ороод ирэхгүй. Тэгэхээр энэ мөнгийг яг юунд зарцуулах вэ? Тоног төхөөрөмж авахад хэдэн хувийг зориулах вэ?

Гүний уурхайн бүтээн байгуулалтад ойролцоогоор 6 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Тэрний 4,2 тэрбум америк долларыг олон улсын банк санхүүгийн байгуулагаас авахаар ярилцаж байна. Энэ бол дэлхий дээр өнөөдрийн хэмжээнд уул уурхайн салбарт өгч байгаа хамгийн том багц.

Энэ мөнгө Монголд орж ирээд хөрөнгө оруулалт болоод шингэнэ. Энэ дээр ямар ч эргэлзээ байхгүй. Эхний санхүүжилт буюу Оюутолгойн баяжуулах үйлдвэр, ил уурхайн бүтээн байгуулалтанд 7 гаруй тэрбум америк доллар зарцуулсан. Энэ зарцуулсан бүх мөнгө Оюутолгой компанидаа л байгаа. Оюутолгой компани өнөөдөр хаана байгаан. Монголд л байгаа. Өөр хаана ч байхгүй. Монголын компани. Өмнийн говийн Ханбогд суманд очоод харах юм бол тэр бүтээн байгуулалт чинь ил байж байна. 6400 хүн ажилтай байна. Өнөөдөр зарцуулж байгаа бүх хөрөнгө оруулалт тийшээ орно. Гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах 6 тэрбум доллар ахиад Оюутолгой компаний гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдана. Өөрөөр хэлэх юм бол Монголын газар нутаг дээр хөрөнгө оруулалт болж шингэнэ. Тоног төхөөрөмжөө ч авна, хүмүүсээ ч цалинжуулна. Тийм зориулалтаар л бид нар зээл авч байгаа.

-Гүний уурхайн санхүүжилтийг босгож байгаатай холбоотойгоор ногдол ашиг авах хугацаа 2037 он хүртэл хойшилсон гэж ойлгож байна. Энэ зөв үү?

Ногдол ашгийн асуудлыг ярихын тулд бид нар өнөөдөр зэсийн ямар үнээр прогноз хийж байгаа вэ гэдгээ тооцох хэрэгтэй. Зэсийн үнийг хамгийн багаар тооцвол мэдээж хэрэг компанийн орлого бага байна. Ингээд орлого оллоо гэхэд хамгийн түрүүнд авсан зээлээ эхлээд төлнө. Монголчууд 34 хувиа зээл аваад санхүүжүүлчихсэн. Тэр зээлээ эргэж төлөх ёстой гэдгээ байнга санаж байх ёстой. Ер нь бол бид нар ирээдүйд зэсийн үнэ сайн байна төлөвлөж байгаа. Гэхдээ компанийн эзнийн хувьд хамгийн багаар зэсийн үнийг тооцоод, борлуулалтын орлогоо хамгийн багаар тооцож, тодорхой тоо гаргадаг. Тэгэж байж энэ төсөл ашигтай байх уу үгүй юу гэдгээ тооцно. 2037 оноос ногдол ашиг авна гэж байгаа нь зэсийн үнийг хамгийн багаар тооцоод борлуулсан ашгаасаа 34 хувьд ногдох зээлийн өрөө төлөөд, ногдол ашгаа авах хугацаа. Тэр тооцоогоор бол Монгол улс 47 тэрбум америк долларын өгөөжийг Оюутолгойгоос хүртэх боломжтой. 47 тэрбумаас 8-9 тэрбум нь ногдол ашиг. Үлдсэн нь аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, роялти, гааль болон НӨАТ-ийн татвараар орж ирэх орлого. Ингээд тооцохоор ямар ч үед Оюутолгойгоос хүртэх нийт манай өгөөж 54,9 хувиас буухгүй.

-Гүний уурхайн техник эдийн засгийн үндэслэлийг 99 жилээр хийсэн гэж Ерөнхий сайд мэдэгдэж байсан. Тэгэхээр 99 жил ашиглана гэсэн үг үү?

99 жил ашиглах боломжтой. Яагаад гэвэл нөөц нь тогтоогдсон байгаа.

-Наана нь ашиглаад дуусчих боломжтой гэсэн үг үү?

Заа...Үгүй. Яагаад гэхээр бид нар Оюутолгойн ордод жил бүр хайгуулаа хийгээд явж байгаа. Хайгуул хийх явцдаа нөөцөө дандаа тодотгоод явна. Нэг сайн юм нь зэсийн ордын нөөц нэмэгдээд л байгаа. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засгийг нэг компани гэж үзвэл энэ компанийн зэсийн хэлтсээс орж ирэх мөнгөн урсгал тасралтгүй нэмэгдэж байна гэсэн үг.

-Одоо 4,2 тэрбум америк долларын санхүүжилт босгоно гэж байна. Цаашдаа 99 жил ашиглавал ахиад санхүүжилт босгох уу?

Ямар ч бизнес ирээдүйдээ хөрөнгө оруулаад, хөрөнгө оруулалтаа хийгээд явдаг. Тэгэхээр Оюутолгойг тусад нь, өөр бизнес гэж харах хэрэг байхгүй.

-Тэгэхээр 34 хувьдаа ногдох өр ихсэнэ гэсэн үг үү?

Үгүй, нэмэгдэхгүй. Тэрэн дээр маш хариуцлагатайгаар хэлье. Анх 2009 онд байгуулсан гэрээний дагуу бид нар зээл аваад 34 хувиа худалдаад авчихсан. Тэгээд тэр зээл нэмэгдээгүй байгаа. Тэрийг бол нэмэхгүй. Тийм учраас одоо банкнаас зээл авж байна.

-2009 онд гэрээ байгуулснаас хойш хөрөнгө оруулалтын зардал төлөвлөсөн хэмжээнээс 1,4 тэрбум америк доллараар нэмэгдсэн гэж ерөнхий сайд мэдээлж байсан. Үүнтэй холбоотойгоор ногдол авах ашиг хугацаа хойшиллоо гэж ойлгож болох уу?

Тэгэж...ойлгож болно. Анхнаасаа гүний уурхайн бүтээн байгуулалтыг хийхэд нарийвчилсан тооцоогоо 5 жилийн өмнө харах боломжгүй байсан. Би таньд түрүүн хэлсэн. Хайгуул хийсний үндсэн дээр яг хаана нь ямар нөөц байна вэ гэдгийг илүү тодорхой болгоод газрын гүнд, мянга таван зуун метрийн гүнд байгаа хүдрийг яг ямар технологиор олборлох вэ гэдгийг нарийн тооцож гаргаж ирсэн. Энгийнээр хэлэх юм бол Оюутолгой компанийг улам ашигтай ажилуулахын тулд гүний уурхайгаа ашиглалтанд оруулахаас өөр аргагүй. Гүний уурхайг ашиглахын тулд мянга таван зуун метрийн гүнд 230 км уурхайг барьж байгуулахаас өөр аргагүй. Тэрийг ашиглахын тулд блок кейвинг гэдэг технологийг ашиглана. Тэрийг ашиглахтай холбоотойгоор хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа. Тэрийгээ банкнаас зээл аваад санхүүжүүлнэ. Энэ дээр Монголын 34 хувь хэвээрээ байж байгаа.

-Одооний санхүүжилт бол гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах нь ойлгомжтой. Тэгэхээр Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 онд байгуулсан. Гэтэл хөрөнгө оруулалтын зардал гэрээнд тусгаснаас 1,4 тэрбум америк доллараар нэмэгдсэн. Ингэж зардал ихэсвэл хэн, ямар хариуцлага хүлээх вэ гэдэг дээр Хөрөнгө Оруулалтын гэрээнд юу ч тусгаагүй байсан гэж Оюутолгойн ТУЗ-ын гишүүн Да.Ганболд дарга хэлж байсан. Ингэхээр 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа хариуцлагагүй хандчихсан юмуу? Яагаад үүнийг тооцож үзээгүй юм бол гэж бодогдож байна. Та мэргэжлийн хүний хувьд юу хэлэх вэ?

Би өмнө нь Монголдоо, Монголоос гадна гээд олон газар хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлж, барьж байсан. Багахан туршлага надад байна. Энэ туршлага дээрээ үндэслээд хэлэхэд аливаа нэг том төслийг барьж байгуулахад өмнө нь гаргасан тооцоо, гүйцэтгэл хоёрын хооронд дандаа зөрүү гардаг. Тэр юутай холбоотой байна вэ гэхээр нэгдүгээрт анх тооцоо хийж байсан үе, барилга барих үе хоёрын хооронд бараа бүтээгдэхүүний үнэ дандаа хэлбэлздэг.

-Гэхдээ зөрүүг нь тооцоод хөрөнгө оруулалтын зардал 20 хувиар нэмэгдэж болно гэдгийг гэрээнд тусгасан байсан юм биш үү?

Ер нь хүн чинь аливаа төсвөө гаргахдаа дандаа л дээшээ, доошоо зардлаа тооцдог. Аливаа бүтээн байгуулалтын явцад анх гаргаж байсан төсвөөсөө бага зардлаар барьсан гэдгийг би лав амьдралдаа хараагүй. Дээрээс нь тодорхой шалтгаануудаар Оюутолгойн бүтээн байгуулалтын явцад шинэ цар хүрээ нэмэгдсэн гэдгийг ерөнхий сайд маш тодорхой хэлсэн. Жишээ нь анх Хятадаас цахилгаан авна гэж тооцоогүй байсан. Бүтээн байгуулалтын явцад Монголд цахилгааны эх үүсвэр, чадавхи бий болоогүй байсан учраас Хятадаас авах цахилгааны шугам гэх мэт бүх юмыг барьж байгуулсан гээд олон зүйлээс шалтгаалж хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн.

-Оюутолгой компани зэс хайлуулах үйлдвэр байгуулах судалгааны ажлыг л хийж өгнө гэсэн. Ингээд бодохоор нөгөө талдаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодит үйлдвэр үлдэхгүй юм биш үү гэж бодогдож байна л даа?

Зэс хайлуулах үйлдвэр байгуулна гэсэн тохироо Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгаагүй. Засгийн газартай ярилцаж байгаад зэс хайлуулах үйлдвэр барихад судалгаа хамтарч хийнэ гэж төлөвлөсөн.

-Бодитой үлдэх юм нь Монгол улсад юу байна вэ? Газрын гүнээс баялгийг нь ухаад гаргачихлаа. Түүнээс бид татварыг нь авчихна. Үйлдвэр гэдэг ч юмуу яг бодит үлдэх юм юу байна вэ?

Би таны асуултыг сайн ойлгосонгүй. Бодитой үлдэх юм гэхээр өнөөдөр Оюутолгой компанид 6400 хүн ажилтай байна.

-Гэхдээ уурхайг ухаад дуусчихаар хүмүүс ажилгүй болно биз дээ?

99 жилийн дараа юу?

-Магадгүй л юм. Бид үр хойчдоо юу үлдээх вэ?

Уул уурхайн салбарын маань онцлог энэ л дээ. Уул уурхайн газар доор байгаа нөөц нөхөн сэргэдэггүй нөөц. Гэхдээ бид энэ нөөцийг ашиглаад түүнээс орж байгаа мөнгөн урсгалыг дэд бүтэцдээ, боловсролдоо, эрүүл мэнддээ зарцуулах нь хамгийн нэн түрүүний эдийн засгийн зорилго гэж бий ойлгож байна. Уул уурхайн салбар байснаар Монголчууд дэд бүтцээ барьж байгуулна. Сайн сургуультай болно. Сайн багштай болно. Тэгээд олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл мэндийн тандартыг Монголдоо нэвтрүүлээд явах юм бол Монголын эдийн засаг олон улсын зах зээл дээр өрсөлдөх чадвартай болно. Тэрнээс биш уул уурхайн асар их нөөцтэй гэдгээрээ өрсөлдөх чадвартай болохгүй. Уул уурхай дээрээ үндэслээд дараа дараагийн шинэ үйлдвэрүүд, шинэ боломжуудыг нээж байгаа юм.

-Одоо тэгээд Оюутолгой компани Өмнөговийн нэг суманд гэхэд 5 сая америк доллар өгнө гээд байдаг. Үүнийгээ боловсролдоо, эрүүл мэнддээ зарцуулаасай гэж бодогдож байна шүү дээ.

Тэр таван сая доллар бол зүгээр л хамтын ажиллагаагаа эхлэж байгаа нэг хэлбэр. Тэрнээс цааш сургууль барьсан гэх мэт зөндөө ажил хийсэн. Тэрийг хүмүүс ерөөсөө ярихгүй юм. Өнөөдөр та Ханбогдод оч, Даланзадгадад оч, Цогтцэцийд оч. Тэнд хүмүүс юу хүсэж байна вэ? Тогтвортой ажлын байр л хүсэж байна шүү дээ. Тогтвортой ажлын байртай байх юм бол та бид ирээдүйд хөрөнгө оруулах боломжоо нээж өгч байна. Өөрөөр хэлбэл тохилог орон сууцанд амьдрах боломжтой болж байна. Яагаад гэвэл таны тогтвортой ажлын байр, тогтвортой орлого дээр үндэслээд банк таньд зээл өгч байна. Та тэрийгээ аваад тохилог орон сууцанд орж болно. Хүүхдүүдээ сайн сургуульд оруулж болж байна. Энэ бүх юмны чинь эх үүсвэр нь хаанаас вэ гэхээр манай өвөг дээдсийн маань бид нарт үлдээсэн энэ газар нутаг. Монголд өнөөдөр хамгийн том баялаг юу вэ гэхээр газар нутаг. Тэгээд уул уурхайн салбарын хамгийн том боломж нь юу байдаг вэ гэхээр тэр байгаа юмыг хэн ч аваад явчихдаггүй. Дандаа л хөрөнгө оруулалт нь нутагтаа шингэдэг. Оюутолгойг өнөөдөр хэн ч аваад явчихаж чадахгүй. Тэрний чинь тулд Монголчууд гэж байна. Монгол улсын гэж хил байна. Монгол улсын төр гэж байна.

Ярилцсан: Ц.Мөнхзул /МҮОНР, Улс төр, хууль зүйн редакц/

Хуваалцах