Б.Оюунтөгс: Би хоёр удаа амьдарч үзсэн
Б.Оюунтөгсөөс надад цахим захидал иржээ. Би түүнийг өөрийнхөө тухай бичээд цахим хаяг руу минь явуулна уу гэж хүссэн юм. Түүний захидал “Намайг төрөхөд нар над дээр тод тусч байсан юм. Гэтэл миний амьдралд нар хиртсэн. Улмаар дэлхий хөмөрсөн мэт болсон.
Мэдээллийн алба

Б.Оюунтөгсөөс надад цахим захидал иржээ. Би түүнийг өөрийнхөө тухай бичээд цахим хаяг руу минь явуулна уу гэж хүссэн юм. Түүний захидал “Намайг төрөхөд нар над дээр тод тусч байсан юм. Гэтэл миний амьдралд нар хиртсэн. Улмаар дэлхий хөмөрсөн мэт болсон. Харин одоо би гал мэт дүрэлзэж, эрч хүч, мөрөөдөл зорилгоор дүүрэн амьдарч байна” гэж эхэлжээ. Учир нь Б.Оюунтөгс 22 нас хүртлээ ертөнцийн өнгийг тод хардаг байсан юм. 2002 онд ШУТИС-ийг Япон, Англи хэлний орчуулагчаар төгсөх үедээ бие нь муудаж, гармоны эмчилгээнд орсон байна. Эмийн гаж нөлөөнөөс нүдний даралт үүсч олон удаа нүдний хагалгаа, лазер эмчилгээнд орсон ч хараагаа бараг алдсан юм. Бараг гэхийн учир нь хүний харааг 100 хувь гэж үзвэл 91 хувийг нь алдсан. Үлдсэн 9 хувийн хараа гэдэг хорвоо бүр таг харанхуй болчихоогүй гэсэн үг. Арай ч байшин очоод мөргөчихгүй хэмжээний сул хараатай байгаа юм.
Хорвоог бүдэг бадаг харах болсон Б.Оюунтөгс дөрвөн жилийн турш гэрээс гараагүй гэнэ. Гэсэн ч би сохорчихлоо гээд өвдгөө тэврэн гунихарч хэвтээгүй гэсэн. Зурагт, радиогоор хүний оюун ухаан руу чиглэсэн ярилцлага, лекц бүхнийг сонсч өөрийгөө амьдралд эргүүлэн авч ирэхээр сэтгэл зүйн хувьд бэлтгэж байлаа. Хараагүй болно гэдэг амьдралын төгсгөл биш, алхаж гишгэж, босч чадаж байгаа цагт өөрийнхөө чадах зүйлээр энэ нийгэмд ямар нэгэн байдлаар хувь нэмэр оруулах ёстой гэж бодож байв. “Цаг хугацаа, боломжийг байгаа дээр нь барьж ав. Эс тэгвээс өнгөрөөд л алга болно” гэж тэр хэлсэн. Тиймээс ч тэр хараагүй иргэдэд зориулсан цагаан таяг, ярьдаг компьютерийн програм байдгийг олж аваад ашиглаж сурчээ. Ингээд ажилд орсон байна. Одоо тэр Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооны Гадаад харилцаа эрхэлсэн менежер. Цаашдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө хувь нэмрээ оруулахын тулд АНУ-д суралцахаар шийджээ. Америкт суралцахыг хүссэн энгийн иргэдтэй хамт шалгалт өгч 100 хувийн тэтгэлгээр суралцах эрхийг авч чадсан байна. Б.Оюунтөгс Нөхөн сэргээлтийн зөвлөх гэсэн мэргэжлээр хоёр жил суралцана. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд, гэр бүлтэй нь хамгийн ойр байж, тэднийг шийдвэр гаргах, бодлого боловсруулах түвшний хүмүүстэй холбох гүүр нь болох мэргэжил юм. Энэ чиглэлийн Монголын анхны мэргэжилтэн болно гэсэн үг.

Харааны бэрхшээлтэй эмэгтэй АНУ-д 100% тэтгэлгээр суралцах эрх авчээ
Б.Оюунтөгс дэлгүүрээс хүнс, бараа худалдан авахаас бусад бүх ажлыг бие даан хийхийг хичээдэг. Үлдсэн 9 хувийн хараагаа ч алдах магадлал өндөр болохоор ертөнцийг таг харанхуйгаар төсөөлөх хэцүү ч одооноос сэтгэл зүйгээ бэлтгэж байгаа гэсэн юм.
Тэр надад хоёр нүүр захидал ирүүлжээ. Бичиж байгаа захидлаа харахгүй ч ярьдаг компьютерийнхээ тусламжтайгаар шүү дээ. Тэр хөл доорх газраа харахгүй ч хаана очиж, юу хийхээ тов тодорхой харж байна.
Ё.Мөнхтуяа


















