“Бага дэлхийн аварга”-д 70 гаруй тамирчин оролцоно
“Бага Дэлхийн аварга” гэгддэг гранприд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон.
Мэдээллийн алба

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпийн наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээн энэ сарын 26-28-нд Красноярск хотод болно.
“Бага Дэлхийн аварга” гэгддэг гранприд Монголын бөхчүүд 1991 онд анх хүч үзсэнээс хойш тасралтгүй оролцсон.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхон, Г.Мандахнаран, О.Насанбурмаа, П.Өнөрбат, ОУХМ Э.Сумъяа, Б.Одончимэг, Н.Золбоо, О.Үйтүмэн, Б.Батмагнай, Э.Нарангэрэл, Б.Шоовдор, Ш.Түмэнцэцэг, Э.Гантуяа, А.Батцэцэг тэргүүтэй энэ жилийн насанд хүрэгчдийн УАШТ-ий медальтнуудаас бүрдсэн манай 70 гаруй хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг зодоглох бөгөөд Монголын багийн түрүүч Красноярскт очоод байна.
Дасгалжуулагчаар үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга, дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, Б.Батзориг, Ө.Ууганбаяр нар ажиллах бол олон улсын шүүгч Л.Нямчулуун, Б.Раднаа нар тэмцээнийг дэнсэлнэ.
Иван Ярыгиний "Алтан Гранпри"-гээс Монголын бөхчүүд 11 алт, 18 мөнгө, 36 хүрэл, нийт 65 медаль хүртээд байгаа юм.


















