Балбын газар хөдлөлтөд өртсөн монгол иргэддээ туслаж байгаа гэв
Балбад хүчтэй газар хөдлөлт болж олон хүн амь насаа алдаад байна. Тэдний дунд тус улсад жуулчилж явсан гурван Монгол иргэндээ манай Элчин сайдын яам тусламж үзүүлжээ.
Мэдээллийн алба

Балбад хүчтэй газар хөдлөлт болж олон хүн амь насаа алдаад байна. Тэдний дунд тус улсад жуулчилж явсан гурван Монгол иргэндээ манай Элчин сайдын яам тусламж үзүүлжээ. Балба улсад жуулчлалаар явж байгаа А.Эрдэнэтуяа, Ж.Саруулбуян, А.Жавзандулам нартай ЭСЯ-наас холбогдож, шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж Катманду дахь Өргөмжит Консулын газарт авчирч аюулгүй газарт байрлуулаад байгаа билээ. Өнөө өглөө авсан мэдээгээр манай иргэд аюулгүй хоносон бөгөөд Балба улсад тог цахилгаан, харилцаа холбоо, интернет тасарч, байнгын чичирхийлэлтэй байгаа аж.
Катманду хотын олон улсын нисэх онгоцны буудал өчигдөр оройноос олон улсын нислэг үйлдэж эхэлсэн, одоогоор гадаадын 8000 гаруй иргэн нисэх буудал дээр хонон өнжин нислэгээ хүлээн дугаарлан, ачаалалтай ажиллаж байгаа юм байна. Катмандугийн нисэх онгоцны буудал нислэг үйлдэж эхэлсэн тул Энэтхэгээр дамжилгүй хуваарьт нислэгээрээ маргааш Катманду-Чиндү чиглэлээр нисэхээр манай иргэд төлөвлөж байгаа талаар Өргөмжит Консулын газраас мэдэгдлээ.


















