Баррель үсэг бүхий нэг сурах бичиг хэвлэх зардал 100 мянган төгрөг байдаг
Манай улсад харааны бэрхшээлтэй хүүхдүүд сурч боловсхор орчин тийм ч хангалттай бус байгаа талаар албаныхан хэлдэг.
Мэдээллийн алба

Манай улсад харааны бэрхшээлтэй хүүхдүүд сурч боловсхор орчин тийм ч хангалттай бус байгаа талаар албаныхан хэлдэг. Тухайлбал харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай дунд сургуульд бүрэн хараагүй буюу сул хараатай 95 хүүхэд суралцдаг бөгөөд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Гэсэн хэдий ч Сүхбаатар дүүрэгт харьяалагддаг учраас ихээхэн хүндрэл гардаг байна. Мөн тус сургуульд 27 багш, 31 ажилтан ажиллаж байгаа ч харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр мэргэших боломж байдаггүй аж. БСШУЯ-наас батлагдсан хөтөлбөрийг суралцагчдын онцлогт тохируулсан хөтөлбөрөөр сургалт явуулдаг байна. Сургуулийн дэргэдэх дотуур байранд 66 хүүхэд амьдардаг бөгөөд 50 хүүхэдтэй дотуур байрт нэг асрагч ажиллах журмын хүрээнд ажиллаж байгаа нь нэлээд хүндрэлтэй байдаг аж. Дотуур байранд амьдардаг нэг хүүхдийн эмийн зардал жилд 38.000 төгрөг хэмээн төсөвт тусгагддаг нь хүрэлцдэггүй, хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудалд анхаарч ажиллах боломжгүй болдог байна.
Түүнчлэн харааны бэрхшээлтэй сурагчдын сургалтын гол хэрэглэгдэхүүн болох баррель цаасны нөөц 116 сургуульд өнөөдрийн байдлаар дууссан учир боломжит хувилбараар олшруулах байдлаар ажиллаж байгаа ажээ. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ном, сурах бичиг байдаггүй, багш нар сургалтын материалуудаа гар аргаар хийдэг байна. Сургалтын төсөвт нэг сурах бичгийг 8000 төгрөг хэмээн тусгадаг бол баррель үсэг бүхий нэг ном хэвлэх зардал нь зах зээл дээр 90.000-110.000 төгрөг байдаг байна. Тиймээс тусгай хэрэгцээний хэвлэх төхөөрөмж, эсвэл тусгай хэвлэх цех байгуулах асуудлыг нэн яаралтай шийдүүлэх хүсэлтэй байгаагаа тус сургуулийн удирлагууд хэлсэн юм.
Мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн орчинд анхаарал хандуулах шаардлага бий. Сургуулийн эргэн тойронд барилгын материалын худалдаа төвлөрсөнтэй холбоотойгоор олон эрсдэл үүсдэг. Мөн худалдаа эрхлэгч, иргэд сургуулийн хашаанд автомашинаа байрлуулдаг байдалд сургуулийн ажилтан, удирдлагын зүгээс ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа учраас туслалцаа хүсч буйгаа сургуулийн захирал Э.Энхзул өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Арвиныг тус сургуульд ажиллах үеэр хэлсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Арвин, 116 дугаар сургуулийн удирдлагуудад тулгамдаад буй асуудлуудаа оновчтой тодорхойлж, төсвийг боловсруулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэх чиглэл өглөө. Мөн дотуур байранд суралцагчдын эмийн төсвийг нэмэгдүүлэх, 116 дугаар сургуулийн харьяаллын асуудал, мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах мэргэшсэн нарийн мэргэжлийн багшлах боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх зэрэг асуудлыг шийдэхэд Байнгын хороо анхаарал хандуулан ажиллах болно гэдгээ мэдэгджээ.


















