Баялгийн сан байгуулах тухай уулзалт ярилцлага болно
УИХ-ын Тамгын газар, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран Баялгийн сан байгуулах тухай уулзалт ярилцлагыг зохион байгуулахаар болжээ.
Мэдээллийн алба

УИХ-ын Тамгын газар, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран Баялгийн сан байгуулах тухай уулзалт ярилцлагыг зохион байгуулахаар болжээ. Төрийн ордонд болох тус уулзалт ярилцлагад Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн эдийн засгийн ахлах шинжээч оролцож, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн дүн, шинжилгээ, зөвлөмж, макро эдийн засгийн бодлого ба байгалийн баялгийн сангийн үүрэг, байгалийн баялгийн сангийн хөрөнгө оруулалтын зохистой тогтолцоог хангах талаар болон ил тод байдал, тайлагнал, олон нийтийн харилцаа, байгалийн баялгийн сангийн нийцлийг хангах механизм, гүйцэтгэлийн мониторингийн талаар илтгэл тавина. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Сангийн яамны Баялгийн сангийн удирдлагын хэлтсийн дарга Б.Төгөлдөр нар Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийн талаар танилцуулж, нээлттэй ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Уулзалт ярилцлагад УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газрын удирдлага, ажилтнууд, Ирээдүйн өв сангийн хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд, ОУВС, Дэлхийн Банк, АХБ, Канадын элчин сайдын яамны төлөөлөгчид, бодлогын шинжээчид, судлаачид болон холбогдох бусад байгууллагын төлөөлөгчид оролцох бөгөөд маргааш 12:00 цагт болно.


















