Баян-Өлгий аймагт боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
Мэдээллийн алба

Боловсролын сайдын 2026 оны А/356 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймагт ажиллана.
Энэхүү ажлын хэсэг нь аймгийн боловсролын газар, хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль, Насан туршийн суралцахуйн төвийн үйл ажиллагаа, боловсролын үйлчилгээний чанар хүртээмж, өнөөгийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зөвлөн тусалж, тулгамдаж буй асуудлын шийдлийг хамтран хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулна.

Хууль, тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилт, бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, хос хэлний боловсрол, сургалтын талаар баримтлах чиглэл, сурах бичиг хэрэглэгдэхүүний хүртээмж, ашиглалт, багшийн хүртээмж, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжил, удирдах ажилтны чадамж, хүний нөөцийн төлөвлөлт, хэрэгжилт, боловсролын үйлчилгээ, тэгш хамран сургалт, хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар, хүртээмж, төсвийн санхүүжилт, түүний гүйцэтгэл, зарцуулалтын талаар сум, байгууллага тус бүр дээр очиж танилцан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Зөвлөн туслах ажлын хүрээнд:
1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, багш нарт мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх үйлчилгээ;
2. Дээд боловсролын дипломын бүртгэл, баталгаажуулалт, зөвлөгөө өгөх үйлчилгээ ;
3. Элсэлтийн шалгалтад хэрхэн амжилттай бэлтгэх талаар зөвлөгөө өгч байна.
Дээрх чиглэлээр зөвлөгөө авахыг хүссэн иргэд 2026 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 16-ны өдөр хүртэл Төрийн үйлчилгээний байрны 4 дүгээр давхарт байрлах Боловсролын газар дээр 9.00-17.00 цаг хүртэл ажиллаж байна.
Энэ удаагийн зөвлөн туслах ажлын бүрэлдэхүүнд Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төвийн газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, арга зүйч, хяналтын байцаагч, аудиторын төлөөлөл тус тус ажиллаж байна.


















