Эрвээхэйн нүүдлийг 20 жил гэрэл зурагт буулгасан Хайме Рохо
Мэдээллийн алба

Испанийн гэрэл зурагчин Хайме Рохо 2004 онд Мексикийн төв хэсгийн Сьерра Чинкуагийн ойд монарх эрвээхэйн нүүдлийг анх харжээ. Тэрбээр түүнээс хойш 20 жилийн турш эрвээхэйн нүүдэл, амьдрах орчныг гэрэл зурагт буулгасан байна.
Эдгээрээс 140 гаруй зургийг 2026 оны аравдугаар сард хэвлүүлсэн "Монарх эрвээхэйнүүд" номдоо багтаажээ.
Рохо анх ойд үй олноороо цугласан эрвээхэйн сүргийг хэрхэн зурагтаа багтаах, гэрлийг яаж ашиглахад анхаарч байв. Харин номдоо Мексикийн уулын ойд модны мөчир даган бөөгнөрсөн эрвээхэйнүүдээс гадна тэдний нүүдлийн зам, үрждэг нутаг, хамгаалахаар ажилладаг хүмүүсийг харуулжээ.

Жил бүрийн намар сая сая монарх эрвээхэй АНУ-ын хойд хэсэг, Канадын өмнөд нутгаас Мексикийг зорьдог. Зарим нь өвөлжих ойдоо хүрэхийн тулд 4800 орчим километр ниснэ.
Нас бие гүйцсэн монарх эрвээхэй ихэвчлэн 2–6 долоо хоног амьдардаг бол намар нүүдэллэдэг үеийнхэн 8–9 сар амьдарч, Мексикт өвөлжөөд хавар хойд зүг буцаж нисдэг.
Номд энэ нүүдэл үргэлжлэхэд ой модноос гадна зам дагуух ургамал ч чухал болохыг харуулжээ. Монархын авгалдай хооллодог сүүн шүүст ургамал ховордож, Мексикт эрвээхэйн өвөлждөг ой хууль бус мод бэлтгэлд өртөж байна.


















