ФИФА дотоод мэдээлэлд нь зөвшөөрөлгүй нэвтэрснийг баталлаа
Мэдээллийн алба

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА) кибер халдлагад өртөж, хувь хүний болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой зарим мэдээлэлд зөвшөөрөлгүй нэвтэрснийг арваннэгдүгээр сарын 26-нд мэдэгдлээ.
Тус холбоо уг хэргийг шалгахад хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Халдлага хэзээ болсон, хэдэн хүн, байгууллага өртсөн, яг ямар мэдээлэл алдагдсаныг ФИФА дэлгээгүй байна. Хэргийн талаар мэдээлэлтэй эх сурвалжийн хэлснээр, халдлагад тус холбооны хадгалж буй нийт мэдээллийн 0.1 хүрэхгүй хувь өртжээ. Мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн эсэхийг ФИФА тодруулаагүй байна.
ФИФА өмнө нь 2017, 2018 онд мөн кибер халдлагад өртөж байв. 2017 онд "Фэнси Бэрс" нэрээр танигдсан бүлэг тус холбооны системд нэвтэрсний дараа хөлбөмбөгчдийн допингийн шинжилгээтэй холбоотой мэдээлэл нийтэд ил болжээ.
2018 онд ФИФА-гийн дотоод цахим захидал болон бусад мэдээлэлд гуравдагч этгээд хууль бусаар нэвтэрсэн байсан байна. Тус холбоо тухайн оны арваннэгдүгээр сарын 2-нд гаргасан мэдэгдэлдээ үүнийг баталжээ.


















