Бээжин хотод нүүрсний утааны агаарын бохирдолд үзүүлэх хувь 3-т хүрчээ
НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид айлчлалын хоёр дахь өдрөө Бээжин хотын байгаль хамгаалах газраар зочиллоо.
Мэдээллийн алба

НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид айлчлалын хоёр дахь өдрөө Бээжин хотын байгаль хамгаалах газраар зочиллоо. Тус газрын дарга хатагтай Ли Чжао Хуа зочдыг хүлээн авч Бээжин хот агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээний тухай мэдээллийг танилцууллаа.
“Бээжин хотын агаарын бохирдлыг бууруулах асуудал нь үндэсний хэмжээнд өрнөсөн бөгөөд БНХАУ-ын төрийн бодлого, Засгийн газар, Хотын хэмжээнд гэсэн шатлалтайгаар хэрэгжсэн. Зөвхөн агаарын бохирдол гэхгүй, ус, хөрсний бохирдол гэх зэрэг байгаль орчиныг хамгаалах чиглэлд шат дараатай арга хэмжээ явуулж ирсэн. Бээжин хот 20 жилийн өмнөөс буюу 1998 оноос эхлэн агаарын бохирдлын асуудалтай бодлого төлөвлөлт гаргаж тэмцэж эхэлсэн. Бид “Цэнхэр тэнгэрээ хамгаалья” уриатайгаар агаарын бохирдлын эсрэг тэмцэлээ илэрхийлдэг. 2017 оны эхэнд Бээжин хотын агаарын бохирдол дэх нарийн тоосжилтын хэмжээг 73 хувь байсан бол бид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зорилтот бодлого хэрэгжүүлсний үр дүнд мөн оны эцсээр агаар дах нарийн тоосжилтын хэмжээг 58 хувь болгож бууруулж чадсан. Дээрх үзүүлэлтүүдийг илүү доош бууруулах зорилт тавин ажиллаж байна.
20 жилийн хугацааны эхний жилүүдэд агаарт байх хорт бодисын ихэнх нь нүүрснээс үүдэлтэй байсан бол сүүлийн жилүүдэд энэ байдал өөрчлөгдсөн. Одоогийн байдлаар нүүрний утаанаас үүдэлтэй агаарын бохирдол 3%-д хүрсэн байна. Бээжинд нүүрсний хэрэглээ эрс багассан. Өдгөө зөвхөн захын хорооллын зарим айл өрхүүд зөвшөөрөгдсөн бага хэмжээгээр нүүрс түлдэг” гэдгийг онцоллоо.

Эх сурвалж: НИТХ-ын ХМОНХТ


















