Бичил уурхайн загвар нөхөн сэргээлтийн төслийг хамтран хэрэгжүүлнэ
Өмнөговь аймгийн ЗДТГ, Азийн сангийн хооронд бичил уурхайн загвар нөхөн сэргээлтийн төслийг хамтран хэрэгжүүлэх тухай санамж бичиг байгууллаа.
Мэдээллийн алба

Өмнөговь аймгийн ЗДТГ, Азийн сангийн хооронд бичил уурхайн загвар нөхөн сэргээлтийн төслийг хамтран хэрэгжүүлэх тухай санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд Азийн сангийн байгаль орчны төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж бичил уурхайгаар эвдэрсэн газруудад нөхөн сэргээлтийн загвар төслийг орон нутгийн удирдлага болон иргэдийн дэмжлэгтэйгээр туршин хэрэгжүүлэх юм.
Загвар нөхөн сэргээлтийг Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй сумдад нийт 20 га газарт хэрэгжүүлэх бөгөөд эдгээр газрууд нь Говь гурван сайханы байгалийн цогцолборт газарт оршиж байгаагаараа онцлогтой юм. Загвар нөхөн сэргээлтийн гол зорилго нь байгаль орчны нөхөн сэргээлтийг өртөг багатай, байгаль экологит ээлтэй, олон нийт хүлээн зөвшөөрөхүйц аргаар бүх шатны оролцогч талуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж болохыг үлгэрлэн харуулах явдал юм.
Азийн сангийн байгаль орчны хөтөлбөр 2014 онд бичил уурхайн загвар нөхөн сэргээлтийг нийт 5 аймгийн 8 газарт 73 га газарт хэрэгжүүлж амжилттай үр дүн гаргаад байгаа билээ. Энэхүү туршлага дээрээ тулгуурлан Бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг төслийн баг боловсруулж холбогдох яамдаас санал авч сайжруулсаны дараа одоогийн байдлаар Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар бэлтгээд байна. Ийнхүү уг аргачлал албажсанаар орон нутгийн иргэд удирдлагууд хамтран эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг өөрсдийн боломж бололцоогоо ашиглан өртөг багатайгаар хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.


















