БНХАУ 2020 он гэхэд 70 сая хүнийг ядуурлаас гаргана
Ядуурлыг бууруулах дэлхийн өдөр энэ сарын 17-нд тохиох гэж байгаатай холбогдуулан БНХАУ 2020 он гэхэд 70 сая хүнийг ядуурлаас гаргах зорилтоо танилцууллаа.
Мэдээллийн алба

Ядуурлыг бууруулах дэлхийн өдөр энэ сарын 17-нд тохиох гэж байгаатай холбогдуулан БНХАУ 2020 он гэхэд 70 сая хүнийг ядуурлаас гаргах зорилтоо танилцууллаа. Хятадын засгийн газар ирэх 5 жилд хэрэгжүүлэх 13-р 5-н жилийн төлөвлөгөөндөө ядуурлыг бууруулах зорилтыг тусгахаар төлөвлөж байна.
Мөн Бээжин энэ баасан гарагт Дэлхийн ядуурлыг бууруулах, Хөгжлийн форумыг зохион байгуулж, ядууралтай тэмцэх туршлагаа олон улстай хуваалцах гэж байна. БНХАУ-ын хувьд ядуурлыг бууруулах чиглэлд хамгийн их анхаарч, энэ онд дуусгавар болох Мянганы хөгжлийн ядуурлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлсэн анхны хөгжиж байгаа орон болсон юм. Сүүлийн 15 жилийн хугацаанд БНХАУ 600 гаруй сая хүнийг ядуурлаас гаргасан нь дэлхийн нийт ядуурлын бараг 70 хувийг бууруулсан үзүүлэлт юм байна.
Гэхдээ одоо БНХАУ-д хөдөөгийн алслагдмал бүсийн 70.17 сая хүн амьжиргааны түвшингээс доогуур өдөрт 1 америк доллар хүрэхгүй орлоготой аж төрж байгаа юм байна. Иймд Хятадын эрх баригчид 2020 он гэхэд амьжиргааны түвшингээс доогуур орлоготой 70 сая хүнээ ядуурлаас гаргах зорилтыг тавьж байна. Хятадын дарга хөгжиж байгаа орнуудыг ядуурлаа бууруулахад нь дэмжлэг үзүүлэх сан байгуулахад 2 тэрбум америк долларын тусламж үзүүлэхээ НҮБ-ын ерөнхий ассамблейн 70-р чуулганы индрээс зарласан юм.


















