Эр-Риядын олон улсын нисэх буудал халдлагад өртжээ
Мэдээллийн алба

Бямба гарагт Саудын Арабын Хаант Улсын нийслэл Эр-Рияд хотын олон улсын нисэх буудал халдлагад өртөж 12 хүн амиа алдан, 300 гаруй хүн шархаджээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, пуужин дотоодын нислэгийн 3 болон 4 дүгээр терминал байрлах цогцолборыг оносон байна. Энэхүү халдлага нь Ираны дэмжлэгтэй Йемений хуситуудын хийсэн үйлдэл гэж Саудын Арабын Хаант Улс тэргүүтэй цэргийн эвсэл мэдэгджээ.
Энд дуулгахад Саудын Арабын Хаант Улс Йемений нийслэл Сана хотоос хуситуудыг шахан гаргах зорилготой Арабын эвслийн дайнд 2015 онд нэгдэн орж байлаа.
Цаашлаад 2022 онд Саудын Арабын Хаант Улс болон хуситууд эвлэрэлд хүрсэн ч 2026 оны зун сөргөлдөөн дахин эхэлсэн. Улмаар Саудын Арабын Хаант Улс тэргүүтэй эвсэл Йемен дэх хуситуудын эсрэг цэргийн ажиллагаа эхэлсний дараа 10 дугаар сарын эхний долоо хоногт гэхэд л Эр-Риядын нисэх буудал хэдэнтээ халдлагад өртөж байв.
Саудын Арабын Хаант Улсад үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас зөвлөмж гаргасан байна.
Тодруулбал, түр хугацаагаар зорчиж буй иргэд нислэгийн мэдээллийг тогтмол шалгаж, тухайн нислэгийн компанийн заавар, зөвлөгөөг дагаж мөрдөх, Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улсад суугаа Элчин сайдын яамтай холбогдож, байнгын холбоотой байх утасны дугаар, цахим хаяг зэрэг мэдээллээ өгөх, шаардлагатай үед тухай бүр зөвлөгөө, мэдээлэл авах, мэдээллийг зөвхөн төр, засгийн байгууллагуудын албан ёсны мэдээллийн хэрэгслээс авах, суугаа орны төрийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг чанд дагаж, мөрдөхийг зөвлөжээ.


















