Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байна
1/5
Нийгэм

Бод малын эмнэлэг байгуулах төслийн талаар санал солилцов

ХХ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Бод малын эмнэлэг байгуулах төслийн талаар санал солилцов
Бод малын эмнэлэг байгуулах төслийн талаар санал солилцов. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун Бүгд Найрамдах Солонгос Улсын БНСУ-ын Хөдөө орон нутгийн нийгэмлэгийн корпорац (KRC)-ын менежер Жон Жүн Ён тэргүүтэй төслийн судлаачдыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БНСУ-ын Хөдөө орон нутгийн нийгэмлэгийн корпорацын туслах менежер Сун Жи Ён, Кёнбүгийн Үндэсний их сургуулийн профессор Жу Гил Жэ, Чүнбүкийн Үндэсний их сургуулийн профессор Жон Э Сүк, Монголын талаас ХХААХҮЯ-ны холбогдох дарга, албан хаагчид болон ХААИС-ийн профессор А.Гомбожав нар оролцов.

Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун уулзалтын эхэнд 2026 он Монгол Улс, БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд чухал ахиц гарсан жил болж байгааг онцлоод, БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён 15 жилийн дараа Монгол Улсад төрийн айлчлал хийж, хоёр орны төрийн тэргүүнүүд хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдсэн нь энэхүү төслийн үндэс суурийг тавьсныг дурдлаа. Мөн адуу нь Монголын нийгэм, эдийн засаг, үндэсний соёлын салшгүй хэсэг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2025 онд баталсан нь Монгол адууны өв соёлын олон улсын ач холбогдлыг тодотгосон түүхэн үйл явдал болсныг тэмдэглэв.

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019–2023 онд хэрэгжсэн “Мал эмнэлгийн чадавхыг сайжруулж, жижиг амьтны эмнэлэг байгуулах” төслийн хүрээнд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн дэргэд 1,432 м.кв талбай бүхий “Мал, амьтны эрүүл мэндийн төв”-ийг байгуулж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглон, Кёнбүгийн их сургуультай хамтран багш, малын эмч нарыг сургасан. Энэхүү туршлагад тулгуурлан Монголын тал төслийн хоёр дахь үе шат болох “Монгол Улсын мал эмнэлгийн чадавхыг сайжруулж, бод малын эмнэлэг байгуулах” төслийн саналыг боловсруулж, БНСУ-ын Хөдөө аж ахуй, хүнс, орон нутгийн хэргийн яам болон Хөдөө орон нутгийн нийгэмлэгийн корпорацад хүргүүлээд байна. Төсөл хэрэгжсэнээр бод мал, тэр дундаа адууны эмнэлгийн тусламж, оношилгоо, сургалт, судалгааны чадавх шинэ түвшинд гарч, Монгол адууны эрүүл мэнд, генетик нөөцийг хамгаалахад бодит хувь нэмэр оруулна гэдгийг Ц.Болорчулуун дарга тодотгов.

БНСУ-ын Хөдөө орон нутгийн нийгэмлэгийн корпорацын менежер Жон Жүн Ён төслийн нэгдүгээр шат Монголын талын идэвхтэй оролцоотойгоор амжилттай хэрэгжсэнийг онцлоод, хоёрдугаар шат нь өмнөхөөсөө хоёр дахин их төсөвтэй байхаар төлөвлөгдөж байгаа тул судалгааны материал, мэдээлэл бүрдүүлэхэд Монгол Улсын Засгийн газрын дэмжлэг чухал байгааг тэмдэглэв. Одоогоор Монгол Улсад төслийн судалгааны баг ажиллаж байгаа бөгөөд судалгааны тайлан, үнэлгээний оноогоор хэрэгжүүлэх төслүүдийн эрэмбэ тогтоогдоно. Төсөл 2027 оны наймдугаар сард батлагдвал 2028 оны хоёрдугаар хагаст хэрэгжиж эхлэх боломжтой гэж үзэж байна.

Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Болорчулуун уулзалтын төгсгөлд төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд ХХААХҮЯ болон ХААИС нээлттэй хамтран ажиллаж, судалгааны ажилд шаардлагатай бүх материал, мэдээллийг гаргаж өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Хуваалцах