Багахангай- Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам нь аюултай ачаа тээврийн урсгалыг Улаанбаатар хотоос гадуур чиглүүлнэ
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын төвлөрөл, авто замын түгжрэл, дэд бүтцийн ачааллыг бууруулах томоохон шийдлүүдийн нэг болох Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалт 2025 онд эхэлж, улмаар жил гаруйн дараа буюу 2026 оны 10 дугаар сард бүрэн дуусаж, туршилтын ажил үргэлжилж байна.
Тус 127 км төмөр замын 30 хувь буюу 34.7 км нь Хүннү хотын эдэлбэр газраар дайран өнгөрч байна. Мөн тус төмөр зам нь нийт 4 өртөөтэй байхаас хоёр нь Хүннү хотод байршиж байгаа юм. Тодруулбал, нэгдүгээр өртөө нь олон төрөлт ачааны зориулалттай бол хоёрдугаар өртөө нь аюултай, тусгай ачааны зориулалтынх аж.
Энэ талаар Хүннү хотын захирагч М.Батбаяр ярихдаа “Энэхүү төмөр замын үндсэн зорилго нь зорчигч тээвэрлэхээс илүүтэйгээр транзит болон аюултай ачаа тээврийн урсгалыг Улаанбаатар хотын төвөөр дамжуулахгүйгээр, хотоос гадуур чиглүүлэхэд оршино. Тодруулбал, хүн амын нягтаршил ихтэй нийслэлийн төвөөр дамжин өнгөрдөг эрсдэлтэй ачаа тээврийг тусгай зориулалтын төмөр замаар тээвэрлэх бөгөөд уг чиглэлээр 34 нэр төрлийн тэсэрч дэлбэрэх бодисыг тусгайлан тээвэрлэхээр төлөвлөж байна. Ингэснээр аюултай болон транзит ачаа тээврийн урсгалыг хотын төвөөс зайлуулж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалахын зэрэгцээ хотын байгаль орчин, амьдрах орчны чанарт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах ач холбогдолтой” гэв.
Түүнчлэн төмөр зам, авто замын огтлолцлоос үүдэж авто замын түгжрэл үүсдэг судалгаа бий. Тухайлбал, авто болон төмөр замын огтлолцол бүхий 14 гарам байдаг бөгөөд хөдөлгөөний ид ачааллын үед галт тэрэг өнгөрөх үед авто замын хөдөлгөөн өдөрт дунджаар 144 минут саатдаг байна. Харин шинэ төмөр зам ашиглалтад орсноор гармын хаалтын хугацааг 21–120 минутаар бууруулах боломжтойг судалгаагаар тогтоожээ. Энэ нь зөвхөн замын хөдөлгөөний саатлыг багасгах төдий үзүүлэлт бус, иргэдийн зорчих хугацааг хэмнэх, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг жигдрүүлэх, төмөр замын гармын орчмын осол, эрсдэлийг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ.
Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар, Толгойт, Амгалан өртөөнд жилд дунджаар 190 мянган вагон, 50 мянган чингэлэг дотоодын болон импортын ачаа бууж, нийслэлийн төвийн 10 терминалд 300 гаруй салаа замаар дамжин түгээгддэг байна. Эдгээр ачааны урсгал нь бүгд хотын төвөөр дамжин өнгөрдөг бөгөөд авто замын хөдөлгөөний саатал, түгжрэлд ихээхэн нөлөөлж буй. Иймд Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл хэрэгжсэнээр аюултай ачааны хөдөлгөөнийг төвөөс гаргаж, дагуул хотуудын хөгжил, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилийг дэмжих замаар хотын замын хөдөлгөөний дундаж хурдыг 4 хувиар нэмэгдүүлэх урьдчилсан тооцоолол гарсан байна. Тус төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий, Алтанбулаг сумын нутгаар дайран Эмээлт чиглэлд холбогдох бөгөөд III зэрэглэлийн, 1520 мм царигтай, 25 тоннын гол замын даацтай аж.


















