Боксын ДАШТ өндөрлөлөө
Боксын 2017 оны ДАШТ-д 5 тивээс эрхээ аван шалгарсан 280 тамирчин өрсөлдөж, 10 жинд алт мөнгө хүрэл медалийн эзэд тодорсон юм.
Мэдээллийн алба

2017 оны сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн ДАШТ ХБНГУ-ын Гамбург хотноо амижлтай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 8-р сарын 25-наас энэ сарын 2-ны өдрүүдэд үргэлжилсэн дэлхийн аваргын тэмцээнд 5 тивээс эрхээ аван шалгарсан 280 тамирчин өрсөлдөж, 10 жинд алт мөнгө хүрэл медалийн эзэд тодорсон юм.
Олон улсын боксын холбооны 19 дэх удаагийн ДАШТ-д энэ жил дэлхийн 85 орноос баг тамирчид хүрэлцэн ирсэнээс 20 орны тамирчид медаль хүртжээ. Тэдгээрээс Куба улсын тамирчид дэлхийн аваргын 10 жингийн 7-д нь аваргын төлөө шалгаран өрсөлдөж 5 алт, 2 мөнгөн медаль хүртсэн бахдам амжилтаар тэргүүн байрт шалгарсан бол Узбекстан, Казакстаны боксччид 6, 6 медаль хүртсэн амжилтаар удаах байруудад шалгарчээ. Монгол улсаас энэ удаагийн дэлхийн аваргад өнгөрсөн 5-р сард Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон ази тивийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн МУГТ Д.Отгондалай, ОУХМ Б.Түвшинбат, мөнгөн медаль хүртсэн ОУХМ Г.Ган-Эрдэнэ, Б.Чинзориг нар өрсөлдсөн юм. тэднээс "Рио-2016" зуны олимпийн наадмын хүрэл медальт, Ази тивийн болон Азийн наадмын аварга, МУГТ Доржнямбуугийн Отгондалай энэ жилийн дэлхийн аваргын 60 кг-н жинд эх орноо төлөөлөн өрсөлдөж, хүрэл медаль хүртсэнээр 29 насандаа олимп, дэлхийн хос медальтан боллоо. Манай улсын бусад 3 тамирчин ОУХМ Б.Түвшинбат, Б.Чинзориг, Г.Ган-Эрдэнэ нарын хувьд энэ жилийн дэлхийн аваргын тэмцээнийг шилдэг 8-д шалгарсан амижлттайгаар өндөрлүүлсэн юм.


















