Болат Турлыхановын нэрэмжит цомын тэмцээнээс Монголын тамирчид 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртэв
Болат Турлыхановын нэрэмжит цомын тэмцээнд Монгол Улсаас 10 тамирчин оролцсоноос 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл, нийт есөн медаль хүртлээ.
Мэдээллийн алба

Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансаа олгох тэмцээн өнгөрсөн долоо хоногт Казахстаны Алматы хотод эхэлсэн билээ. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд зодоглосон 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж Казахстанаас мөнгөн медаль хүртэв.
Тэрбээр шөвгийн наймд Египетийн Амир Рамадан Хуссенийг цэвэр, хагас шигшээд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Навеен Навеенийг 7:6-гаар ялж шигшээд шалгарсан.
Харин алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Европын аварга Словакийн осет гаралтай Таймураз Салказановт 0:8-аар ялагдлаа. Ийнхүү Болат Турлыхановын нэрэмжит цомын тэмцээнд Монгол Улсаас 10 тамирчин оролцсоноос 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл, нийт есөн медаль хүртлээ.


















