Бразилчууд “Дэлхийн аваргуудын цом”-д түрүүллээ
“Дэлхийн аваргуудын цом” тэмцээн өмнө нь 6 удаа зохион байгуулагдахад Бразилийн шигшээ баг 4 удаа түрүүлж, 2 удаа мөнгөн медаль хүртэж байсан шилдэг амжилттай.
Мэдээллийн алба

“Дэлхийн аваргуудын цом” тэмцээнд өрсөлдөж байгаа 6 багийн хооронд энэ өдөр болсон 3 тоглолтын хамгийн сүүлийн тоглолт Бразил болон Японы шигшээ багуудын хооронд явагдлаа. Японы баг өмнөх 4 тоглолтдоо бүгдэд нь хожигдоод байсан бол Бразилийн баг 3-т нь хожиж, Италийн шигшээ багт хожигдоод байсан юм. Бразилийн баг энэ өдөр өрсөлдөгчөө хожвол “Дэлхийн аваргуудын цом” тэмцээний 5 дахь аваргын цомоо хүртэх нөхцөл байдал бүрдээд байсан. Учир нь Италийн шигшээ баг адил 4 хожилтой ч хожсон тоглолтуудын чанараар буюу үеийн харьцаагаараа Бразилийн баг илүү байсан.
Бразилчууд улмаар энэ боломжоо алдалгүй тэмцээнийг зохион байгуулагч орон Японы шигшээ багийг 3 үеийн тоглолтод 3:0-ийн харьцаатай буулган авлаа. Японы багаас энэ тоглолтод хамгийн өндөр оноог 22 настай залуу довтлогч Отака Иссей авсан байна. Түүний хувьд энэ онд Монгол улсад зохион байгуулагдсан Зүүн Азийн АШТ-д шигшээ багийнхаа хамтаар түрүүлж, тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг хүртэж байсан юм. Харин Бразилийн багаас Лукас Сааткэмп, Маурисио Борхес Силва, Рикардо Лукарелли нар 10-с дээш оноо авч багаа хожилд хөтөлжээ. Бразилийн багийн довтолгооны гол хүч болсон 25 настай Рикардо Лукарелли Соузагйин хувьд энэ тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг мөн хүртсэн байна.

Олимпийн наадмаас 3 алт, 3 мөнгөн медаль хүртэж байсан Дэлхийн 3, Дэлхийн цомын 2, Дэлхийн лигийн 9 удаагийн аварга хүчирхэг Бразилийн баг ийнхүү аварга багуудын аваргаар дахин нэг удаа тодорч, “Дэлхийн аваргуудын цом”-ыг 5 дахь удаагаа хүртсэн юм. “Дэлхийн аваргуудын цом” тэмцээн өмнө нь 6 удаа зохион байгуулагдахад Бразилийн шигшээ баг 4 удаа түрүүлж, 2 удаа мөнгөн медаль хүртэж байсан шилдэг амжилттай. Бразилийн баг алтан медаль, Итали, Ираны багууд мөнгө, хүрэл медаль хүртэж, ОУВХ-ны 2017 оны “Дэлхийн аваргуудын цом” тэмцээн ийнхүү амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн юм.


















