Бразилийн баг дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ
Хосе Роберто Гүймареш дасгалжуулагчтай Бразилын баг шигшээ тоглолтод 26-24, 17-25, 25-22, 22-25, 15-8-ын гэсэн онооны харьцаагаар өрсөлдөгчөө хожжээ.
Мэдээллийн алба

ОУВХ-ноос жил бүр зохион байгуулдаг эмэгтэй шигшээ багуудын дэлхийн Гранпри тэмцээн БНХАУ-ын Нанжинь хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээний аваргын төлөө олимпийн наадмын хошой аварга Бразилийн шигшээ баг Италийн шигшээ багтай шалгаран өрсөлдсөн бол хүрэл медалийн төлөө Серби, БНХАУ-ын шигшээ багууд тоглосон байна.
Өнгөрсөн 7-р сарын 7-ны өдөр эхэлж, бүтэн сарын турш үргэлжлэн явагдсан 25 дахь удаагийн Дэлхийн “Гран-При” тэмцээний 148 дахь тоглолт буюу аваргын алтан меадлийн төлөөх тоглолт 5 үеийн турш сонирхолтой үргэлжилсэн байна. Хосе Роберто Гүймареш дасгалжуулагчтай Бразилын баг энэ тоглолтод 26-24, 17-25, 25-22, 22-25, 15-8-ын гэсэн онооны харьцаагаар өрсөлдөгчөө хожжээ.
Дэлхийн “Гран-При” тэмцээнд өмнө нь 11 удаагийн түрүүлж, 5 удаа мөнгөн медалийг хүртсэн Бразилын багаас энэ өдөр Туркийн “Фенербахче” клубын шилдэг довтлогч Наталиа Перейра онцгой сайн байлаа. 28 настай Наталиа Перейра энэ удаагийн дэлхийн “Гран-При” тэмцээний хамгийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн юм. Италийн багийн хувьд харин дэлхийн “Гран-При” тэмцээнд 3 дахь удаагаа аваргын төлөө шалгарч 3 дахь удаагаа Бразилын багт хожигдон, мөнгөн медаль хүртэж байна. Бразилын эмэгтэйчүүдийн шигшээ багийн хувьд ийнхүү дэлхийн “Гран-При”-д хамгийн олон удаа буюу 12 түрүүлсэн дээд амжилтын эзэн боллоо. Мөн Бразилийн бүсгүйчүүд энэ тэмцээнд түрүүлсэнээр олон улсын волейболын холбооноос гаргадаг дэлхийн чансааг тэргүүлж эхэллээ.


















