Ч.Номин, Б.Халиун, Э.Одзаяа нар өнөөдөр алтан медалийн төлөө барилдана
Монголын бөхчүүдийн медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхэлнэ.
Мэдээллийн алба

Бөхийн төрлүүдийн “U17”, “U23” насны Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Кыргызстаны нийслэл Бишкект эхэлсэн. Өнөөдөр өсвөр үе буюу "U17" ангиллын сонгомол бөхийн 65, 71, 80 кг, чөлөөт бөхийн охидын 40, 46, 53, 61, 69 кг-ын жингийн барилдаан болж Монгол Улсын таван бөх барилдсанаас гурав нь үдээс хойш алтан медалийн төлөө барилдахаар боллоо.
Тодруулбал, охидын 46 кг-ын жинд Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн тамирчин Чинзоригийн Номин, 53 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Бямбасүрэнгийн Халиун, 69 кг-д “Женко” клубийн тамирчин Эрдэнэбатын Одзаяа нар шигшээд шалгарав.
Харин 40 кг-ын жинд И.Намуун, 61 кг-д Л.Эрдэнэболор нар хэсгээсээ шалгарч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлэв.
Сонирхуулахад, Монголын бөхчүүдийн медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 20:00 цагт эхэлнэ.


















