Чигэстэй голд машины масло их хэмжээгээр асгажээ
Хөрс, уснаас дээж авч шинжлүүлэхээр мэргэжлийн байгууллагад хүргүүлжээ.
Мэдээллийн алба

Завхан аймгийн төв Улиастай хотын дундуур Богд, Чигэстэй гэсэн хоёр томоохон гол урсдаг. Иргэдийн ундны усны эх үүсвэр болсон голд машины масло агсаж бохирдуулжээ. Тодруулбал, Улиастай сумын Жаргалант багийн Чигэстэй голын жижиг салаа хэсэг дээр иргэд машины масло их хэмжээгээр асгасны улмаас өнөөдөр 14:00 цагийн үед голоо дагаад 800 орчим метр урссан байдалтай байжээ. Яг масло асгасан хэсгийн усыг нутгийнхан нь ахуйн хэрэглээний зориулалтаар ашигладаг байна. Гэвч ундны усны зориулалтаар хэрэглэдэг ус руу масло ороод эхэлжээ.

Улиастай хотын хэмжээнд иргэдийн ундны усны эх үүсвэр болсон дөрвөн булаг бий. Тэгвэл энэ гол дагуу Ахмадын булаг, Жаргалантын булаг гэсэн хоёр булаг нь байрладаг аж. Энэ голд ойролцоогоор 20-30 литр масло асгарсан гэж үзэж байгаа юм. Гэвч чухам хэзээ, хэн асгасан нь одоогоор тодорхойгүй байна.

Өнөөдөр аймгийн удирдлагууд болон Цагдаагийн газар, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаа зэрэг мэргэжлийн байгууллагууд газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцан, холбогдох арга хэмжээг шуурхай авч эхлээд байна.
Хөрс, уснаас дээж авч шинжлүүлэхээр мэргэжлийн байгууллагад хүргүүлжээ. Маргааш шинжилгээний эхний хариу гарч бохирдлын зэрэг тодорхой болно. Ухамсаргүй үйлдэл гаргаж ийнхүү гол руу их хэмжээний машины масло асгасан эзэн холбогдогчийг нь тодруулахаар аймгийн Цагдаагийн газрын шинжээчдийн баг ажиллаж байна.



Б.Оюун-Эрдэнэ


















