Даамчид дэлхийн аваргаас 22 медаль хүртлээ
Польш улсын Дабки хотноо зохиогдсон өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас 24 даамч оюун ухаанаа уралдуулж, нийт 22 медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ.
Мэдээллийн алба

Польш улсын Дабки хотноо зохиогдсон өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улсаас 24 даамч оюун ухаанаа уралдуулж, нийт 22 медаль (6 алт, 9 мөнгө, 7 хүрэл) хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ. Тэмцээний үндсэн төрөл буюу зуун бууталт даамын төрлийн 17 хүртэлх насанд хөвгүүдээс Цэнд-Аюушийн Чинзориг мөнгөн медаль хүртсэн бол охидоос энэ тэмцээний 2013 онд мөнгөн медальт Ганбатын Дүүрэнбилэг хүрэл медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтай Монголын анхны даамчин боллоо. Мөн 11 хүртэлх насанд хөвгүүдээс Пүрэвдашийн Эрхэмбилэг хүрэл медаль хүртжээ.
Энэ удаагийн ДАШТ-ий блиц буюу түргэвчилсэн тоглолтод Б.Есүй (U-11) мөнгө, А.Дашчирэв (U-11), Б.Отгон-Эрдэнэ (U-20) нар хүрэл медалийн эзэн болжээ. Харин турк даамын төрөлд Б.Есүй (U-11), С.Болор (U-11), Б.Мөнхжин (U-14), Б.Энхрийлэн (U-14), Г.Дүүрэнбилэг (U-17), С.Мөнх-Оргил (U-17) нар алтан медаль, Л.Надмид (U-11), Б.Мишээл (U-14), Б.Баярманлай (U-14), Б.Сэлэнгэ (U-17), Т.Мөнх-Оргил (U-17), Б.Отгон-Эрдэнэ (U-20), А.Түшигбаяр (U-20) нарын даамчид мөнгөн медаль, А.Дашчирэв (U-11), Б.Анужин (U-14), Б.Батцэцэг (U-20) нар тус хүрэл медаль хүртсэн байна. Ингэснээр Монголын даамчид 6 алт, 9 мөнгө, 7 хүрэл медаль нийт 22 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр 2-р байрт эрэмбэлэгджээ. Багийн дүнгээр Беларус улсын даамчид тэргүүн байрыг эзэлж ОХУ-ын даамчид 3-р байрт шалгарлаа.


















