Дархан-Уул аймгийн хөлбөмбөгчид анхдугаар “Үндэсний цом”-ын эзэн боллоо
Сонгинохайрхан дүүргийн багтай тоглож 2-1 харьцаатай ялалт байгуулснаар Дархан-Уул аймгийн шигшээ баг Ерөнхийлөгчийн ивээл дор явагдсан анхдугаар “Үндэсний цом-2022” тэмцээнд аваргалаа.
Мэдээллийн алба

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Үндэсний цом-2022” болон 21 аймгийн АШТ-ий хаалтын ажиллагаа энэ сарын 6-нд Увс аймгийн Улаангомын цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Энэ үеэр 21 аймгийн АШТ-ий Дээд шатны аваргын төлөөх тун ширүүн өрсөлдөөнтэй тоглолтыг шүүн дэнслэн явуулсан шүүгч нарт дурсгалын медаль гардуулснаас гадна тус тэмцээний шилдгүүдэд шагнал гардууллаа. Тухайлбал, Нэгдүгээр шатны шилдэг хаалгачаар Баян-Өлгий аймгийн Б.Кукберген, хамгаалагчаар Төв аймгийн П.Алтангэрэл, хагас хамгаалагчаар Б.Мустафа, дотлогчоор Өмнөговь аймгийн Б.Сүхбаатар 14 гоолтойгоор тодорчээ. Мөн Дээд шатны шилдэг хаалгачаар Дархан-Уул аймгийн Э.Пүрэврагч, хамгаалагчаар Дархан-Уул аймгийн Н.Ганболд, довтлогчоор Дорнод аймгийн Э.Отгонбаяр хагас хамгаалагчаар Увс аймгийн Н.Сайнбуян тодорсон байна.
Түүнчлэн МХБХ-ны 21 аймгийн АШТ-ий Нэгдүгээр шатны хүрэл медалийн төлөө Сэлэнгэ аймгийн шигшээ багийг хожсон Өмнөговь аймгийн шигшээ баг, мөнгөн медалийг Төв аймгийн шигшээ баг, аваргын алтан медаль, цомын эзнээр Баян-Өлгий аймгийн шигшээ багт тодорч Төв аймагтай хамт 2023 оны 21 аймгийн АШТ-д Дээд шатанд өрсөлдөхөөр болсон.
Харин Дээд шатны хүрэл медалийг Орхон аймгийн баг, мөнгөн медалийг Увс аймгийн шигшээ баг, аваргын алтан медалийг Дархан-Уул аймгийн баг хүртсэн билээ.
Ийн 21 аймгийн АШТ-ий аварга Дархан-Уул аймгийн баг Улаанбаатар хотын аварга Сонгинохайрхан дүүргийн багтай тоглож 2-1 харьцаатай ялалт байгуулснаар Дархан-Уул аймгийн шигшээ баг Ерөнхийлөгчийн ивээл дор явагдсан анхдугаар “Үндэсний цом-2022” тэмцээнд аваргалаа.


















