Дэд сайдын орон тоог хасчээ
Харин өнөөдөр Сангийн сайд Б.Болор 2015 оны төсвийн тодотголд дэд сайд нарын орон тоог хасч оруулсан гэдгээ мэдэгдлээ.
Мэдээллийн алба

Засгийн газар шинээр бүрдсэнээс хойш дэд сайд томилохгүй өдийг хүрсэн. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногоос яамд дэд сайдгүй ажиллана гэсэн яриа ч гарч байсан билээ. Харин өнөөдөр Сангийн сайд Б.Болор 2015 оны төсвийн тодотголд дэд сайдуудын орон тоог хасч оруулсан гэдгээ мэдэгдлээ.
Учир нь “Засгийн газар 2016 оны төсвийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа зардал хэмнэх бодлого барьсан. Одоогийн бүтцээрээ ажилласан нөхцөлд 8.7 их наяд төгрөгийн зардал гаргаж төсөв алдагдах учраас ирэх оны төсвийг 7.8 их наяд төгрөг байхаар төлөвлөсөн. Үүнийг дагаад улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг бууруулж 6.9 их наяд болгон тооцсон. Дутаж буй 900 тэрбум төгрөгийг урсгал зардлуудаас танах байдлаар шийдэж буй. Үүнд бүтэц, чиг үүрэг давхардсан яам, агентлагуудыг нэгтгэж, цөөлөхөөр шийдвэрлэсэн” гэдгийг Сангийн сайд хэлсэн юм. Тухайлбал, Гааль болон Татварын ерөнхий газрыг нэгтгэсэн бол Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн газрыг нэгтгэж, Төрийн өмчийн хороо, Худалдан авах агентлагийг татан буулгахаар төсөвт суулгасан байна.
Дэд сайдын орон тоо байх эсэхийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх бол бүтцийн өөрчлөлтөд орж байгаа агентлагуудын тоо болон албан хаагчдын асуудлыг Засгийн газрын журмаар шийдэх юм.


















