Дэлхийд сэтгэцийн 99 эмгэг байдаг
Өнөөдөр Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Энэ жилийн хувьд энэхүү өдрийг "Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэл зүйн тусламжийг хүн бүрт хүргэцгээе" гэсэн уриан дор 17 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм.
Мэдээллийн алба

Өнөөдөр Дэлхийн Сэтгэцийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Энэ жилийн хувьд энэхүү өдрийг "Сэтгэцийн эрүүл мэнд ба сэтгэл зүйн тусламжийг хүн бүрт хүргэцгээе" гэсэн уриан дор 17 дахь жилдээ тэмдэглэж байгаа юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын үзэж байгаагаар Сэтгэцийн болон бие махбодийн эрүүл мэнд хоорондоо салшгүй холбоотой. Бие махбодийн архаг өвчтэй төдийгүй давхар сэтгэцийн ямар нэг асуудалтай хүмүүст эрүүл мэндийн цогц үйлчилгээний хүрээнд анхаарал хандуулах бодит шаардлага байна. ДЭМБ “хувь хүний эрүүл мэнд”-ийг зөвхөн эмгэг өвчингүй төдийгүй бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын сайн сайхан байдлын цогц бүрдэл гэж тодорхойлсон. Сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаанд эрүүл мэндийг хамгаалах, сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эмгэгтэй болсон хүнийг эмчлэх, нөхөн сэргээх зэрэг өргөн хүрээтэй асуудлууд ордог. Сэтгэцийн эрүүл мэндгүй бол эрүүл мэнд байхгүй юм.
Шүүх эмнэлгийн судалгаанаас харахад 1988 онд 19 хүн амиа хорлож нас барж байсан бол өнөө цагт мянга гаруй хүн амиа хорлож байна гэсэн судалгаа байдаг ажээ. Үүний цаана байгаа учир шалтгааныг тогтоохоор ажиллаж байна гэж СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Эрдэнэбаяр хэллээ.
Түүний ярьж буйгаар дэлхийд сэтгэцийн 99 эмгэг байдаг бөгөөд Монгол Улсад 44 нь илэрсэн байна. Мөн манай улсад өдгөө 48-50 мянга орчим хүн сэтгэцийн өвчтэй байх магадлалтай гэнэ.
Өвчтөнүүддээ анхаарал хандуулахаас гадна сэтгэц нь эрүүл иргэдээ өвдөхөөс нь өмнө хамгаалах нь чухал ажээ. Учир нь орчин цагт олдмол шинж чанартай сэтгэцийн эмгэг түгээмэл байгаа гэнэ.
Сэтгэцийн эмгэг өвчинд ихэвчлэн архаг солиорох эмгэг, тархины гэмтлээс үүссэн сэтгэцийн өөрчлөлт илэрдэг. Манай улсад архи мансууруулах бодисын чиглэлийн болон нийгмийн бухимдлаас үүссэн сэтгэцийн эмгэг ихээхэн гарах болсныг мэргэжлийн эмч нар хэлж байна.


















