Дорнод аймаг наадмаас өмнө нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдоно
Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын эхний 80 км замын хөдөлгөөнийг өнгөрөгч бямба гарагт нээлээ.
Мэдээллийн алба

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын эхний 80 км замын хөдөлгөөнийг өнгөрөгч бямба гарагт нээлээ. Энэхүү 80 км замыг “Арж капитал”, “Бадрах ойл” компаниуд ийнхүү хугацаанаас нь өмнө барьж гүйцэтгэсэн байна. Замын хөдөлгөөнийг нээх ёслолд Хөлөнбуйр сумын иргэд, зам барилгын гүйцэтгэгч компанийн ажилтнууд болон Дорнод аймгийн ахмад тээвэрчид оролцлоо.
Аймгийн ахмад тээвэрчид “Дорнодчууд олон жил энэ замыг хүлээсэн. Бид хот орох гэж 5-6 хоног, наанадаж 2-3 хоног шороон замаар сэгсчүүлж явдаг байсан бол одоо 6-7 цаг давхиад хот орчихдог болж байна. Энэ бол маш том гавьяа. Ахмад тээвэрчдийнхээ өмнөөс Зам, тээврийн яамны ажилсаг хамт олондоо баярлаж байна. Үр хүүхэд, залуус та бүхэн минь энэ их хүний хөдөлмөр шингэсэн замаа, тээврээ хайрлаж яваарай” хэмээн ярьсан.


Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км замын үлдсэн 63 км-ын 35 км замын хөдөлгөөнийг 7 дугаар сарын 4-нд нээх бол мөн сарын 10-нд буюу наадмын өмнөх өдөр үлдсэн 28 км замын хөдөлгөөнийг нээхээр гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна. Одоо “Насны зам”, “Өвөрзалаат”, “Хансуун зам” компаниудын ажил үлдээд байгаа юм.Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан арга хэмжээнүүдийн нэг болох аймгийн төвүүдийг хатуу хучилттай авто замаар холбох ажлын хүрээнд энэ жил Дорнод аймгийн төвийг ийнхүү нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож дуусч байгаа юм.Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр Дорнод аймгийн Хэрлэн сумаас Баянхошуу, Хавирга, Ульхан боомт чиглэлийн 550 орчим км авто замын ТЭЗҮ, зураг төсөл хийх боловсруулах ажлыг гүйцэтгэсэн нь цаашид хилийн боомтуудруу хатуу хучилттай авто зам тавих ажлын эхлэл нь болж буй юм.


















