Дугуйн шигшээ баг байгуулах талаар санал солилцов
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан ирэх оны төсөвтэй уялдуулан дугуйн шигшээ багийг сэргээх чиглэлд дэмжих боломжтой гэсэн байна.
Мэдээллийн алба

Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан болон Монголын дугуйн холбооны удирдлагууд өнөөдөр уулзжээ. Уг уулзалтад УИХ-ын гишүүн, Монголын дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, ерөнхий нарийн бичгийн дарга З.Наран, Үндэсний шигшээ багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт оролцож, дугуйн шигшээ баг байгуулах талаар санал солилцжээ.
Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд дугуйн спорт 2004 он хүртэл багтаж байсан бөгөөд өдгөө Ази тивдээ чансаагаар хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж байгаа юм. Мөн “Парис-2024” зуны олимпын наадамд эрх авч оролцох боломж ойрхон байгааг Монголын дугуйн холбооны удирдлагууд хэлжээ.
Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан ирэх оны төсөвтэй уялдуулан дугуйн шигшээ багийг сэргээх чиглэлд дэмжих боломжтой гэсэн байна.


















