ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2016 оны намрын хурал Македон улсад болно
Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын албан ёсны үйл ажиллагаа өнөөдөр өндөрлөнө.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотноо хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурлын албан ёсны үйл ажиллагаа өнөөдөр өндөрлөнө. Харин ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2016 оны намрын хурлыг Македон улсад 2016 оны аравдугаар сард хийх болсон байна.
Македон улсын хувьд Монгол Улсын нэгэн адил анх удаа өөрийн оронд ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн 2016 оны намрын хурлыг зохион байгуулах юм. Тус улсын төлөөлөгч энэ талаар, “Ирэх онд болох ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн намрын хурлыг Монгол Улсын нэгэн адил өндөр хэмжээнд зохион байгуулах болно” гэдгийг онцлон хэллээ.
Байнгын хорооны хуралдааны үеэр ЕАБХАБ-ын Парламентын ассамблейгаас 2015-2016 онуудад зохион байгуулах хурлын товыг зарлалаа. Тодруулбал, 2015 оны арванхоёрдугаар сарын 2-4-нд ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн хурлыг Серби улсад, жил бүр болдог өвлийн хурлыг 2016 оны хоёрдугаар сарын 24-26-ний хооронд Австри улсын Вень хотноо, жил бүр хийдэг товчооны хурлыг 2016 оны дөрөвдүгээр сард Дани улсад, ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн зуны хуралдааныг 2016 оны долдугаар сарын 6-10-нд Гүрж улсад тус, тус зохион байгуулахаар төлөвлөжээ.


















