Ээлжит бус чуулганыг хууль бус байж болзошгүй гэв
УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийсэнтэй холбогдуулан өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдлаа.
Мэдээллийн алба

УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийсэнтэй холбогдуулан өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдлаа. Тодруулбал, МАН-ын бүлэг хуралдаж өнөөдөр нээлтээ хийсэн ээлжит бус чуулганыг хууль зөрчсөн байж болзошгүй талаар ярилцсан байна.
Үндсэн хуулийн 27 дугаар зүйлд “УИХ-ын гишүүний гуравны нэгээс дээших нь шаардсанаар эсвэл Ерөнхийлөгч, УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно” гэж заасан байдаг. Гэтэл УИХ-ын ээлжит бус чуулганыг УИХ-ын дэд дарга зарлан, өнөөдөр хуралдуулсан нь хууль бус болж байна гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн юм. Түүнчлэн тэрбээр “УИХ-д М.Энхболд, Л.Цог, Р.Гончигдорж гэсэн гурван дэд дарга бий. Ээлжит бус чуулган энэ долоо хоногт дуусах юм бол МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд ээлжит бус чуулган зарлаад тодорхой асуудал хэлэлцээд явах болбол яах вэ. Яагаад УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлалгүй, дэд дарга зарлаж хуралдуулсан юм, цаашдаа ийм буруу жишиг тогтчихвол яах вэ, үүнийг сайтар анхаарах хэрэгтэй талаар ярилцсан” гэсэн юм.
Үүнээс гадна МАН-ын бүлгийн хуралдаанаар Өршөөлийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар хүлээж авахаар болж дэмжжээ. Харин Засгийн газрын зарим гишүүнийг томилох асуудлын тухайд "давхар дээл"-тэй буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хаших нь буруу гэсэн өмнөх байр сууриа баримталж байна. МАН-ын хувьд 2013 оноос ийм байр суурьтай байгаагаа илэрхийлж ирсэн. Засгийн газарт хамтарч байх үедээ ч энэ зарчмаа баримталсан. МАН-аас шийдлийн Засгийн газарт томилогдсон зургаан сайдын хоёр нь УИХ-ын гишүүн байсан бөгөөд үндсэн чиг үүргийн яам болох Сангийн яам, БОНХАЖЯ-ыг хариуцаж байсан. Бусад сайд нь гаднаас томилогдсон гэдгийг бүлгийн дарга С.Бямбацогт онцолсон юм.


















