Элсний хөлбөмбөгийн "Дэлхийн цом"-ын тэмцээн болж байна
Бразил улсын нийслэл Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдаж байгаа элсний хөлбөмбөгийн клубуудын дэлхийн цомын тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна.
Мэдээллийн алба

Бразил улсын нийслэл Рио Де Жанейро хотноо зохион байгуулагдаж байгаа элсний хөлбөмбөгийн клубуудын дэлхийн цомын тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдөр В хэсэгт багтаж байгаа Испанийн "Барселона" клуб АНЭУ-ын "Ал Ахли" /Al Ahli/ клубыг 4-3 харьцаатайгаар хожсон байна.

Хоёр багийн хувьд энэ тэмцээнд тус бүр хоёр хожил авсан. Тоглолт эхлээд ердөө 7 секундын дараа "Ал Ахли" клубын довтлогч Коимба /Coimba/ тоглолтын салхийг хагалж, анхны гоолоо хаалганд оруулсан.
Энэ нь тус тэмцээний түүхэн дэх хамгийн хурдан гоол оруулсан амжилт болсон юм. Улмаар тоглолтын тав дахь минутад "Ал Ахли" клубын хагас хамгаалагч Иордан /Jordan/ эсрэг багийн хамгаалагч Бруногоос бөмбөгийг хууран авч, гоол оруулснаар тоглолтын тооны харьцааг 2-0 болгож, тоглолтыг хошуучилж эхэллээ.

Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд мөн л "Ал Ахли" клубын Хамада эсрэг багтаа дахин нэг гоол оруулснаар тэд тоглолтын тооны харьцааг 3-0 болгон, илүүрхэж явсан. Тоглолтын хоёрдугаар үе эхэлж, "Барселона" клуб хариу довтолгоогоо эхэлж, довтлогч Морейра Озу эсрэг багийн хаалганд анхны гоолоо оруулснаар тоглолтын тооны харьцааг 3:1 болгоод байсан.
Улмаар тоглолт "Барселона" клубын давамгайлал дор үргэлжилж, эсрэг багийн хаалгандаа гурав дараалан гоолдсоноор тоглолтын тооны харьцааг 4-3 болгож, тэд энэ удаагийн тоглолтын ялагч болсон юм. Тэмцээн энэ сарын 13-ны өдөр хүртэл үргэлжилж, аваргаа тодруулна.



















