Emin Huseynov: Азербайжан Улсад сүүлийн 8 жилийн хугацаанд 200 сэтгүүлч шоронд орсон
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр АОХН-ийн Сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өндөрлөсөн билээ. Дэлхийн 104 орны 1215 төлөөлөгчид чуулсан энэхүү хуралдаан нь бүс нутгуудын анхаарлыг ихэд татсан хуралдаан боллоо гэж олон улсын төлөөлөгчид дүгнээд буцсан юм.
Мэдээллийн алба

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр АОХН-ийн Сайд нарын VII бага хурал Улаанбаатар хотноо амжилттай явагдаж өндөрлөсөн билээ. Дэлхийн 104 орны 1215 төлөөлөгчид чуулсан энэхүү хуралдаан нь бүс нутгуудын анхаарлыг ихэд татсан хуралдаан боллоо гэж олон улсын төлөөлөгчид дүгнээд буцсан юм. Тэдний нэг болох Азербайжан улсын төлөөлөгч, “Сурвалжлагчдын эрх чөлөө, аюулгүйн байдлын хүрээлэн”-гийн гүйцэтгэх захирал Emin Huseynov-тай тухайн үед хуралдааны дундуур уулзаж, цөөн асуултанд хариулт авсан юм.Энэхүү ярилцлагыг зарим нэг уншигчдын хүсэлтээр дахин хүргэж байна.
Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргье. Та сайн явж ирсэн үү. Ярианыхаа эхний сэдвийг Азербайжан улсад Хэвлэлийн эрх чөлөө ямар байдаг талаар яриагаа эхэлье?
Манай улсад ямар нэгэн байдлаар хяналтгүй радио, телевиз, хэвлэл мэдээллийн компани гэж байхгүй. Ерөнхий дөө маш бага тоотойгоор хэвлэгдэн гардаг сөрөг хүчний хоёр хэвлэл, сонин байдаг. Тиймээс манай улсад хэсэгчилсэн “жоохон” хэвлэлийн эрх чөлөө байгаа. Манайд сэтгүүлчдийн цензур маш өндөр байдаг. Учир нь бүгдээрээ ямар нэгэн дайралтад өртөх, эрүүл мэнд, амь насаараа хохирохоос сэргийлдэг. Сүүлийн 8 жилийн хугацаанд 200 гаруй сэтгүүлчид баривчлагдан шоронд хоригдсон. Гурван сэтгүүлч сүүлийн нэг жилийн дотор бусдын гарт амь насаа алдсан. Харамсалтай нь сэтгүүлчдийн эсрэг онц ноцтой гэмт хэрэг хийсэн этгээдүүд өнөөдрийг хүртэл хэн нь ч шүүхээс ял шийтгэл аваагүй. Манай төр болоод Засгийн газар олон нийтийнхээ өмнө хариуцлага үүрэх, тэдэндээ тайлан тавих юм уу ямар нэгэн тайлбар хийнэ гэсэн ойлголт байхгүй. Энэ талаар дуугарсан сэтгүүлч байх юм бол тэр даруйд нь нухчин дардаг. Ийм байдалд ороод зогсохгүй, улс орон маань тэр чигээрээ авилгалд автагдсан дүр төрхтэй болсон. Сөрөг хүчин болон хэвлэл мэдээллийн ажилтан бид хүртэл мэдээлэл олж авахад маш их хүндрэлтэй тулгардаг. Тэр ч утгаараа олон нийтийн үзэл бодол иргэдэд хүрч чаддаггүй. Тиймээс ямар нэгэн мэдээллийг олон нийтэд хүргэх ганц “цонх” нь цахим хуудас байсан. Гэтэл олон нийт үзэл бодлоо солилцох, дуу хоолойгоо нэгтгэх тэрхүү боломжийг маань хязгаарлаад эхэлчихсэн. Ул нь нийгэмд нүүрлээд байсан “хар хөшиг”-ийг бага багаар нээж, салхи оруулж байсан ганц “цонх” маань байсан юм. Урьд өмнө нь манай сэтгүүлчдийг ихэнх тохиолдолд “нэр төр гутаасан” гэдэг нэрийдлээр баривчлан шийтгэдэг байсан бол өнөөдөр эрх баригчдын арга нь өөрчлөгдөж, илүү нарийн болсон. Яагаад гэвэл манай улс олон улсын байгууллагуудын Европын зөвлөл, Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болоод, олон улсын өмнө тодорхой үүрэг хүлээх болсон юм. Тиймээс тэд сэтгүүлчдийг нэр төр гутаасан хэргээр яллахаасаа аль болох зайлсхийж, өөр арга бодож олсон. Тэр нь сэтгүүлчдийг танхай хэрэг юм уу, аль эсвэл эрх баригчид хэн нэгнээр дамжуулан “хар тамхи” аваачиж өгөөд энэ сэтгүүлч хар тамхинд орооцолдсон гээд үйлдэл дээр нь заагаад өгчихдөг. Тэгээд яахав хөөрхий арга залинд нь автсан сэтгүүлчид маань 3 жилээр шорон луу явчихдаг болсон. Ийм л төвшинд эрх баригчдын аргууд нь нарийссан. Энэ жил манай улсад 10 дугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Өнөөгийн Ерөнхийлөгч Алиев гурав дахь удаагаа нэр дэвших гэж байна. Алиев, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ямарч хамаагүй аргаар сэтгүүлчдийг дарамтанд оруулж байгаад дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох хүсэл сонирхолтой байгаа. Хэрэв дахин Ерөнхийлөгчөөр сонгогдох юм бол ардчилалын энгийн хэм хэмжээг зөрчихөд бэлэн болсон гэхэд болно. Сүүлийн үед дэлхий дахинд шуугиан тариад байгаа “Обшор дахь бүс”-ийн тухай асуудал ч манай улсыг тойрч гараагүй. Өөрөөр хэлбэл манай улсын төр засгийн эрхэнд байгаа Алиевийн гэр бүл хэдэн саяаар нь биш, хэдэн зуун тэрбум, миллартаар тоологдох ам.долларийг өөрсдөө хуримтлуулж, хууль бус ажиллагаа хийсэн. Тэд ард түмний баялгийг хулгайлж олсон хууль бус орлогоо, Виржиний арал болон гадаад дахь дансууд даа байршуулсан ийм дүр зурагтай байгаа. Үүнийхээ төлөө ард түмнээсээ уучлаарай гэж хэлэх иргэний эр зориг, ухамсар тэдэнд байхгүй байна.
Танай улсад хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ямар байдаг вэ?
Манайх анх Европын зөвлөлд орохдоо “сайхан” хуультай байсан. Тэрнээс хойш буюу 2002 оноос хойш хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль олон удаа шинэчлэгдэх нэрийдлээр өнөөдрийг хүртэл танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Өөрчлөгдөх тусмаа сэтгүүлчдийн ажиллах, амьдрах эрх чөлөөг нь хязгаарласан хумисан байдлаар “хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль” маань эрэмдэг болж дуусч байна. Одоо тэр байтугай цахим хуудас болон блогчдийн орчинг интернет орчинд хязгаарласан хуулийн заалт орж ирэх гэж байна. Энэхүү заалтаараа дамжуулан сэтгүүлчдэд хүлээлгэх хариуцлагаа чангатгах гэсэн далд санаа нь хамт явж байгаа юм.
АОХН-ийн Сайд нарын VII форумд Азербайжан улс ач холбогдол өгч төлөөлөгчидөө илгээсэн байна. Тиймээс та энэ хурлын талаарх сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Энэ хуралд хэлэлцэгдэж байгаа асуудалтай холбогдолгүй, онцын шаардлаггүй гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдыг манай улс явуулсан. Иймэрхүү олон улсын хуралд манай улсын баримталдаг нэг чиглэл нь тухайлбал, хүний эрхийн чиглэлээр ч юм уу, хүүхэд эмэгтэйчүүдийн асуудлаар асуулт асуух юм бол “бид нар хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө бүх юмыг хийж байгаа” гэсэн агуулгаар хариулах тийм л хэмжээний хүнийг явуулдаг. Тиймээс манай төрийн эрхэнд байгаа хүмүүс иймэрхүү том хурлуудыг огт үл тоомсорлон орхиж чадахгүй. Хэрэв тэгэх юм бол Белурос, Иран, Туркмистан зэрэг орнуудын жагсаалтанд орох болно. Ингэхдээ тийм ч идэвхитэй үйл ажиллагаа эрхэлдэггүй. Энэ мэт олон улсын хуралд манай төр, албаныхаа хүмүүсийг ажиглуулах, тандуулах маягаар л илгээдэг гэх үү дээ. Яагаад гэвэл Азербайжан улс олон улсын байгууллагын гишүүн болохоор бүсийн болон олон улсын зүгээс ямар шахалт үзүүлэх нь үү гэсэн тандах байдал нь илүү давамгайлдаг гэхэд болно.
Та энэ удаагийн АОХН-ийн хурлаас ямар үр дүн хүлээж байна вэ. Нөгөөтэйгүүр ямар хэмжээний аяны богцтой буцаж байна даа?
Миний хувьд АОХН-ийн хурлаас маш их үр дүн хүлээж байсан. Яагаад гэвэл интернэтийн хэлэлцүүлэг хуралдаанд оролцож чадхааргүй харамсалтайгаар буцах болсон. Гэхдээ энэ богино хугацаанд маш олон өндөр зэрэглэлийн албаны хүмүүстэй уулзаж, улс орныхоо сүүлийн үеийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх үнэн бодитой мэдээллийг өгч чадлаа. Энэ талаар санал бодлоо АНУ-ын болон орон орны албаны хүмүүстэй солилцон өөр хоорондоо хэлэлцлээ. Ийм боломж олдсонд миний хувьд маш их ач холбогдолтой, сэтгэл өндөр буцаж байна. Монгол, Азербайжан хоёр улс нэгэн цаг үед адилхан социалист нийгэмтэй байсан. Гэвч өнөөдөр Монгол улс ардчилалынхаа хувьд манай Азербайжан улсаас хамаагүй хол урагшаа амжилттай шилжиж чадсан. Гэхдээ Монгол улс сүүлийн жилүүдэд байгалийн баялгаа эрчимтэй ашиглаж эхэлж байгаа юм байна лээ. Тиймээс энэ салбарт бүх нийтээрээ анхаарлаа хандуулж, эрүүл тунгалаг байлгах тал дээр бүгд л эрвийх дэрхийхээрээ оролцох нь чухал шүү. Тэгэхгүй бол манай улс орны удирдлагууд шиг хүний нүднээс далдуур байгалийн баялгаа ашиглах юм бол бидэнтэй адилхан нөхцөл байдал руу орчихож болзошгүй шүү гэж сэрэмжлүүлмээр байна. Үүнд, Иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын оролцоо нэн чухал үүрэг гэж хэлмээр байна.


















