Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна
Өнгөрсөн долоо хоногт улс орны хэмжээнд болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна. Цаг агаар харьцангуй дулаарч байсан өмнөх долоо хоногийг бодвол өнгөрөгч долоо хоногт сэрүүн байлаа. Цас орж, хальтиргаа үүссэний улмаас Улаанбаатар хотноо цас хайлуулах бодис цацав.
Мэдээллийн алба

Өнгөрсөн долоо хоногт улс орны хэмжээнд болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна. Цаг агаар харьцангуй дулаарч байсан өмнөх долоо хоногийг бодвол өнгөрөгч долоо хоногт сэрүүн байлаа. Цас орж, хальтиргаа үүссэний улмаас Улаанбаатар хотноо цас хайлуулах бодис цацав.
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хилийн боомтын хөгжлийн талаар баримтлах бодлого боловсруулах, боомтын хяналтын болон аюулгүй байдлыг хангах байгууллагуудын хамтын ажиллагааг хангаж ажиллах үүрэг бүхий орон тооны бус Боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг батлалаа. Зөвлөлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг даргалах бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн сайд, Гадаад харилцааны сайд, Зам тээврийн сайд болон холбогдох газрын дарга нар бүрэлдэхүүнд нь багтсан байна.
Булган аймгийн Баяннуур суманд жимс, жимсгэнэ боловсруулах тоног төхөөрөмж суурилуулж, долоон нэр төрлийн вакум савлагаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 2000 л чацаргана, жимс, жимсгэнэ боловсруулах хүчин чадалтай тоног төхөөрөмжийг ашиглалтад орууллаа. Чацарганы тос, жүүс, ундааг стандартын дагуу үйлдвэрлэж, иргэдийн хэрэгцээнд нийлүүлэхээс гадна чацарганы тосыг гэрээгээр Япон улсад экспортлож эхэлжээ.
Манай улсад ХДХВ/ДОХ-ын халдвар тээгч 151 дэх хүн өнгөрөгч долоо хоногт бүртгэгдлээ. 24 настай залуу энэ өвчний халдвар авсан нь шинжилгээгээр тогтоогдоод байна. ДОХ-ын халдвар тээгч 151 монгол хүний 80 хувийг эрэгтэй, 20 хувийг эмэгтэйчүүд эзлэдэг байна. Монголд бүртгэгдсэн халдвар тээгчдээс 19 хүн нас баржээ. ХӨСҮТ-д долоо хоногт дунджаар 1000 орчим хүн ХДХВ-ийн шинжилгээ хийлгэдэг аж. Тэдний 60 хувь нь сайн дураараа, үлдсэн нь эрүүл мэндийн дүгнэлт гаргуулахаар ханддаг байна.
Нийслэлийн тээврийн газраас “1 дүгээр хороолол-Алтай хотхон-Зайсан” чиглэлийн үндсэн М:47 шугамыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн шинээр нээлээ. Баянгол дүүргийн нэг, гуравдугаар хорооны нутагт харьяалагдах Дунд гол, Алтай хотхоны иргэдийн хүсэлтээр нийтийн тээврээр зорчин явах эрэлтийг үндэслэн энэхүү шугамыг нээсэн гэж албаны хүн ярьж байна. Шинэ чиглэлд “Атибус” ХХК найман автобусаар үйлчилгээ үзүүлж байна.
ГЕГ-ын харьяа Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын улсын байцаагчид “Нарлаг Монгол” олон улсын суудлын галт тэргээр ОХУ-аас зорчин явсан эрсдэл бүхий зорчигчдын бие болон ачаа тээшинд эрсдлийн судалгаанд үндэслэсэн гаалийн хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллажээ. Ажиллагааны үр дүнд Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтоор Монгол Улсын иргэн Б, С, Э нар нь 368 литр вино, 10 литр архийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсаныг илрүүллээ.
Онцгой байдлын ерөнхий газраас зүүн аймгуудад шүлхий өвчин гарсантай холбогдуулан энэ сарын 21-нд багтаан ОХУ-аас нэг сая тун вакцин оруулж ирэхээр болсон билээ. Манай улс шүлхий өвчний халдварыг тогтоон барихын тулд 10 сая тун вакцин хэрэгтэй байгаа юм. Өнгөрөгч баасан гарагт ОХУ-аас 500 сая тун вакцин ирж байгаа гэх таатай мэдээ дуулдлаа. Энэхүү вакцинийг эхний ээлжинд нийслэлийн зүүн хэсгийн дөрвөн дүүрэг дэх айлуудын малд хийхээр төлөвлөжээ. Баасан гарагийн байдлаар нийт гурван аймгийн 12 суманд 2957 үхэр шүлхий өвчнөөр өвчилснөөс 2952 үхрийг зориудаар устгаж, дээрх сумдын нийт 2202086 толгой малд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хийж, хорио цээрийн дэглэм тогтоон 295 цэгт 1425 хүн 285 техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа.
Өнгөрөгч долоо хоногт олныг цочроосон нэг мэдээлэл нь дөрвөн иргэн архинд хордож нас барсан явдал байлаа. Баасан гарагт болсон Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар архинд хордож нас барсан дөрвөн иргэний үхлийн шалтгааны дүгнэлт, холбогдох шинжилгээнүүдийн хариуг нэгтгэн хэлэлцлээ. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар “Амьдрах ухаан” төвөөс олгогддог хоол хүнснээс хордоогүй болох нь тогтоогдсон байна. Гэрчийн мэдүүлж буйгаар нас барсан иргэд цонх угаадаг цэнхэр өнгийн шингэн уусан нь тогтоогджээ.


















