Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улстөр, нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөөлөхүйц олон арван чухал үйл явдлууд өрнөлөө. Тэдгээрээс зарим онцлох үйл явдлыг тоймлон хүргэе.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 6 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна
Энэ долоо хоногт MNB.MN онцлож байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улстөр, нийгэм, эдийн засгийн амьдралд нөлөөлөхүйц олон арван чухал үйл явдлууд өрнөлөө. Тэдгээрээс зарим онцлох үйл явдлыг тоймлон хүргэе. УИХ-ын дарга З.Энхболдын захирамжаар УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан 2015 оны наймдугаар сарын 03-ны өдөр нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд Ардчилсан намаас 28 гишүүн, "Шударга ёс" эвслийн бүлгээс долоон гишүүн, мөн гурван бие даагч гишүүн оролцлоо. Харин МАН-аас нэг ч гишүүн суусангүй.Түүнчлэн чуулганы хуралдааныг нээж, УИХ-ын дарга З.Энхболд үг хэлсэн юм. Тэрбээр “Ерөнхий сайд Ч.Сайханбилэг зургаан сайдыг огцруулах, чөлөөлөх асуудлын хувьд хуулийнхаа дагуу хувьд явж байгаа. Би танхимын сайд нартайгаа уулзсан. Сайд нарыг огцруулах асуудал нэгэнт улс төрийн намын шийдвэр гарсан учраас үйл ажиллагаа нь процессын дагуу үргэлжлээд явж байна гэж хэлсэн тул энэ долоо хоногт хэлэлцэх асуудлыг жагсаалт харгалзахгүйгээр өргөн барьсан тохиолдолд авч хэлэлцэнэ” гэсэн юм.Өнгөрч буй долоо хоногт олон нийтийн анхаарлыг хамгийн их татсан үйл явдал бол Монгол Улсын Ерөнхий сайдаас УИХ-д өргөн барьсан Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай асуудал байлаа.Ерөнхий сайд Ч.Сайханбилэг наймдугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын зарим гишүүдийг огцруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.Ардчилсан нам Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл “хангалтгүй” гэж дүгнэн, нэн даруй цуцлахаар шийдвэрлэсэн. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтыг үндэслэн Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр МАН-аас томилогдсон сайд нарыг Засгийн газрын гишүүний үүрэгт ажлаас огцруулах байсан юм.Энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын нэр бүхий гишүүдийг огцруулах асуудлаар зөвшилцөхөөр хүрүүлсэн албан бичгийн хариуг өгөхдөө “Монгол Улсын Засгийн газрын нэр бүхий 6 гишүүнийг огцруулах тухай саналтай танилцлаа.Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг огцруулах тухай санал нь улс орны нийгэм, эдийн засаг, олон улс дахь нэр хүнд, ард түмний аж амьдралд таагүй нөлөөлж, улмаар улс төрийн тогтворгүй байдал бий болгох үр дагавартай байж болзошгүй тул уг асуудлыг дэмжихгүй байгаагаа үүгээр мэдэгдэж байна” гэжээ.Өнгөрсөн Пүрэв гарагт холбогдох байнгын хороод хуралдаж сайд нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцээд дэмжив.Тус өдрийн үдээс хойш хуралдсан УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Засгийн газрын дараахи нэр бүхий гишүүдийг огцруулах шийдвэрийг гаргалаа.Үүнд:1.Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын; 2. Дуламсүрэнгийн Оюунхоролыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын;3. Жаргалтулгын Эрдэнэбатыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;
4. Дамдины Цогтбаатарыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;
5. Намхайн Төмөрхүүг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын;6. Содномын Чинзоригийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Хөдөлмөрийн сайдын үүрэгт ажлаас тус тус огцруулахаар шийдвэрлэлээ.УИХ-аас Засгийн газрын зургаан гишүүнийг огцруулах шийдвэрийг гаргасан билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг захирамж гаргалаа.Энэхүү захирамжаар Засгийн газрын орон гарсан зарим гишүүнийг нөхөн томилох хүртэл хугацаанд Шадар сайдын үүргийг Хууль зүйн сайд Д.Дорлигжавт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын үүргийг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд, Сангийн сайдын үүргийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод, Барилга, хот байгуулалтын сайдын үүргийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд, Зам, тээврийн сайдын үүргийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад, Хөдөлмөрийн сайдын үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд хариуцууллаа. Мөн дараагийн сайд томилогдох хүртэл түүний үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохих журмын дагуу хариуцан гүйцэтгэж байхыг холбогдох сайд нарт даалгасан юм.Энэ удаагийн УИХ-ын ээлжит бус чуулган Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслин эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Ц.Нямдорж, Х.Болорчулуун нар байр сууриа илэрхийлсэн. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд дээр дурдсан саналтай холбогдуулан 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсгийг хасах саналыг дэмжсэн байна. Байнгын хороогоор дэмжигдсэн энэ саналыг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх мөн дэмжсэн юм. Ингээд хуулийн төслийг батлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнээр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдлаа. Энэ талаархи дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу...Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумыг харьяат Д.Лхагваа хэмээх эмэгтэй өнгөрөгч баасан гарагт буюу долоодугаар сарын 31-ний өдөр гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Ихэрүүд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Д.Доржнямбуугийн анхны хүүхдүүд болон мэндэлсэн байна. Хүүхдүүдийн хамгийн том нь охин бөгөөд 2300 кг төрсөн бол дараагийн хөвгүүд 2200, 2100 кг жинтэй төржээ.Сүүлийн өдрүүдэд нийслэлийн гудамжинд болц нь гүйцээгүй самар худалдаалах нь олширч байгаа. Иргэдийн гар дээрээсээ борлуулж буй болц нь гүйцээгүй байгаа тийм самрыг худалдан авахгүй байхыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас анхааруулж байна.Хуш модны самрыг хууль, журамд зааснаар аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэдэг. Гэтэл иргэд хууль зөрчин ийнхүү самар бэлтгэсээр байгаа аж. Энэ талаарх сэрэмжлүүлгийг ЭНДЭЭС уншина уу...Өнгөрөгч тавдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдож Япон улсад ажлын айлчлал хийх үеэр Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэ энгийн паспорт эзэмшигч Монгол Улсын иргэдэд "Богино хугацааны олон удаагийн виз" олгох болсон тухай мэдэгдсэн билээ. Үүний дагуу Япон улсын Засгийн газар "Аялал жуулчлалыг дэмжин улс орноо хөгжүүлэх" бодлогыг эрчимтэй хэрэгжүүлэх, мөн Монгол Улсын Засгийн газраас тавьж байсан удаа дараагийн хүсэлтийг харгалзан, Япон улсын Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэн зөвшилцсөний дүнд наймдугаар сарын 10-ны өдрөөс Монгол Улс дахь Японы Элчин Сайдын Яаманд "Богино хугацааны олон удаагийн виз" олгож эхлэхээр болжээ.Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн цагдаа жолооч, цагдаа цагдаагийн ахлах ахлагч Н.Энхтүвшин энэ сарын 3-ны орой 21 цагын орчим жолоочгүй өнхөрч явсан машиныг албаны машинаараа мөргөж зогсоожээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо 7 буудлын замаас Чингэлтэй салдаг уулзвар замд албаны Kia rio маркийн авто машинаа жолоодон явж байх үед нь ММС Canter маркийн авто машин жолоочгүйгээр уруудан урдаа байсан T.Prius маркийн авто машиныг мөргөөд бусдад аюултай байдлаар цааш өнхөрч байх үед нь албаны авто машинаараа хааж зогсоон, хүний амь нас, эрүүл мэнд хохирох нөхцөл байдлаас хамгаалж чадсан байна.Монголын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойг тохиолдуулан 100 жилийн өмнө Их хүрээнд тэмдэглэдэг байсан Даншиг наадмыг сэргээн Монголын бурхан шашны сүм хийдүүд, НЗДТГ-тай хамтран Улаанбаатар хотноо Хүй долоон худагт энэ амралтын өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлнэ. Тус наадмын хөтөлбөрийг ЭНДЭЭС үзнэ үү.Ирж буй өдрүүдэд цаг агаар ямар байх талаар товч мэдээллийг хүргье. Наймдугаар сарын 9-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 10-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн нутгийн баруун хэсгээр, 11-нд нутгийн баруун хагаст бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 8,9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд баруун болон төвийн нутгаар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор болон Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна. 10-нд баруун зүгийн нутгаар 11-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.Өнгөрч буй ажил хөдөлмөрийн их өдрүүдэд бидэнтэй хамт байсан уншигч та бүхэнд баярлалаа. Ирж буй амралтын өдрүүдийг ая тухтай, сайхан өнгөрүүлээрэй...

Хуваалцах