Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны тавдугаар сарын 18-20-ны өдрүүдэд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 5 минут
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна
Энэ долоо хоногт MNB.MN онцолж байна. Зураг: МҮОНРТ

Улс орны хэмжээнд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон уншигч танд хүргэе.


Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2016 оны тавдугаар сарын 18-20-ны өдрүүдэд БНСУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийв.

Хоёр тал, ардчилал болон зах зээлийн эдийн засгийг зэрэгцүүлэн амжилттай хөгжүүлж чадсан, IT болон ногоон технологийн хөгжлөөрөө дэлхийн тэргүүлэгч улс болох БНСУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн боломж байгааг онцлов.

Мөн өнгөрсөн онд Монгол, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо байгуулагдаж, энэ онд хоёрдугаар хуралдаанаа амжилттай зохион байгуулсан нь, энэхүү бүтэц цаашид эдийн засгийн хамтын ажиллагааны талаар санал солилцох чухал механизм болж хөгжинө гэдэгт итгэлтэй байгааг санал нэгтэй онцлов. Энэ талаарх мэдээллийн дэдгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр Монгол, БНСУ-ын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа. Энэ талаарх дэлгэрэнгүйг ЭНДЭЭС уншина уу.


АСЕМ-ын уулзалтын үеэр 15 орны Ерөнхийлөгч ирнэ

Энэ оны долоодугаар сард Улаанбаатар хотноо болох АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтад одоогийн байдлаар 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа юм.

Түүний бэлтгэл ажлын хүрээнд Ази, Европын дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах үндэсний зөвлөлийн 27 дугаар хуралдаан болж, цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ.

Хуралдаанаар долоодугаар сарын 14-17-нд хуваарьт нислэгээр явах болон ирэх зорчигчдыг “Буянт ухаа” спорт цогцолбороос “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүргэх, нисэх буудлаас тосох автозамын маршрутыг баталж, агаарын хөлгийн нөөц бүрдүүлэх тухай хэлэлцлээ. Түүнчлэн “Чингис хаан” нисэх буудлын хамгаалалтын бүс дэх камержуулалт, гэрэлтүүлэг болон “Чингисийн хүрээ” жуулчны бааз хүртэлх 3.4 км автозамыг шинэлэх болон автомашины зогсоол байгуулах асуудлуудыг шийдвэрлэлээ. АСЕМ-ын уулзалтад одоогийн байдлаар 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочид, төлөөлөгч оролцохоор төлөвлөж байгаа юм. Тэдэнд зориулсан бэсрэг наадмыг тус цогцолборт хийх юм.


“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан иргэд байрны түлхүүрээ гардав

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд төрөөс түрээсийн орон сууцны тогтолцоог бий болгож, 2013-2016 онд 1000 айлын түрээсийн орон сууц барьж ашиглалтад оруулахаар тусгагдсан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шууд орон сууц худалдан авах боломжгүй, өөрийн эзэмшлийн орон сууцгүй, гэр хороололд аж төрж буй иргэдийн амьдрах тохь тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар 2015 оны 248 тоот тогтоолоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 2015-2021 онд нийслэлд 16 мянга, аймгийн төвүүдэд дөрвөн мянган айлын түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилт тавьсан.

Ингэснээр Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа, өөрийн эзэмшлийн орон сууцгүй, зах зээлээс шууд орон сууц худалдан авах боломжгүй залуу гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийн 829 айл түрээсийн орон сууцанд хамрагдах боломж бүрдэх юм.

Засгийн газраас баталсан энэхүү “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа II” хорооллын 350 айлын орон сууцанд түрээсийн байранд амьдрах эрх авсан иргэдэд түлхүүр гардуулах арга хэмжээ Лхагва гарагт боллоо.


Өнөөдөр Бурхан Багшийн Их дүйчэн өдөр

Бурхан багшийн эхээс мэндэлсэн, 35 сүүдэртэйдээ төгс гэгээрсэн Бурханы хутгийг олсон, мөнхүү 81 сүүдэртэй гаслангаас хагацан нирваан дүр үзүүлсэн гурван их үйл давхцдаг зуны тэргүүн сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг Бурханы шашинт Азийн бүх улс орнууд, Европын холбооны зарим улс орнууд мөн Австрали тивд "Будда Весак", "Сакадава", "Будда Пурнима" гэх зэрэг нэрэн дор дэлхий дахинаа өргөн дэлгэр тэмдэглэн заншжээ.

Монголчуудын хувьд 1990 оноос хойш "Бурхан Багшийн Их дүйчэн өдөр" нэрэн дор энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, гэгээрэл бясалгалыг чухалчлах, өв соёл, ёс заншлаа өвлүүлэн үлдээх эрхэм зорилготойгоор эв санаа, эрдэм соёлын өдөр болгон 26 дахь жилдээ тэмдэглэж байна. Энэхүү үйл явдалтай холбоотой мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНДЭЭС үзнэ үү.


Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас орно

Баруун болон говийн нутгаар үүлэрхэг. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас, нойтон цас, говийн нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 хэм, Алтайн өвөр говь болон Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 14-16 хэм дулаан байна. Тавдугаар сарын 22, 23-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, нутгийн зүүн өмнөд хэсгээр, 24-нд говь, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 25-нд төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи 24, 25-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, өдөртөө 11-16 хэм дулаан байна. Хугацааны сүүлчээр дулаарна.

Хуваалцах