Энхийг сахиулаад ирсэн албан хаагчдад шагнал гардуулав
Зэвсэгт хүчний X ээлж, Нисдэг тэрэг, техник засвар үйлчилгээний сургалтын бүлгийн VIII ээлжийн цэргийн багуудын бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо иржээ
Мэдээллийн алба

Цагийн байдал тайван бус, мөн олон жилийн турш дайны хөлд нэрвэгдэн зовсон Афганистаны ард түмэнд эрх чөлөөг олгохоор Олон улсын эвслийн цэргийн хүчнээс тус улсад явуулж байгаа “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд манай Зэвсэгт хүчний X ээлж, Нисдэг тэрэг, техник засвар үйлчилгээний сургалтын бүлгийн VIII ээлжийн цэргийн багуудын бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгээд эх орондоо иржээ. Хүлээсэн үүрэг, өгсөн даалгаврыг амжилттай биелүүлээд ирсэн цэргийн албан хаагчдад төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Батлан хамгаалах яамнаа боллоо. Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг болон Батлан хамгаалахын сайдын тушаалаар олгосон төрийн дээд одон медалиудыг ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны ХШҮДАГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, бригадын генерал Г.Энхбаатар нарын БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд гардуулан өглөө.
Монгол Улсын энхийг сахиулагчдын энэ удаагийн ээлжийнхэн Афганистан улсын Херат муж дахь Агаарын цэргийн хүчний Шинданд баазын аюулгүй байдлыг хангаж, баазын үндсэн шалган нэвтрүүлэх цэг, дотоод шалган нэвтрүүлэх цэг, нисэх зурвасын хамгаалалт, баазын эргүүл, сургагч багш нарын хамгаалалт, баазын харуул гэсэн үндсэн зургаан төрлийн үүргийг 7 сарын хугацаанд амжилттай гүйцэтгээд, Афганистаны Үндэсний армид хүлээлгэн өгсөн байна. Мөн АНУ-ын Хуурай замын цэргийн хүчний “Bobcats болон Үндэсний гвардын “Saber” томилгоот хүчний цэргийн алба хаагчидтай сургалт дадлага, буудлагыг 20 гаруй удаа зохион байгуулж, биет хамгаалалтын үүргийг анх удаа зохион явуулжээ.
Ийнхүү эх орныхоо нэрийн хуудас болж дэлхийн энх тайвны төлөө өөрсдийн бие сэтгэлээ зориулан ажиллаж, үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн цэрэг дайчдынхаа гавьяа зүтгэлийг төр засгаас үнэлж, Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар цэргийн багийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярт “Цэргийн гавьяаны одон”, хошууч Л.Цэрэгбаярт “Цэргийн хүндэт медаль” хүртээсэн бол “Энхийн төлөө” медалиар дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ, Б.Баяржаргал, дэд ахлагч С.Отгонтөгс нарын 48 цэргийн алба хаагчийг, “Афганистанд энхийн төлөө“ хүндэт тэмдгээр дэслэгч Д.Олонхүү, ахлагч Э.Батсайхан, Я.Цогтсайхан нарын 38 цэргийн алба хаагчийг, “Афганистанд энхийн төлөө-2“ хүндэт тэмдгээр сургагч ахлагч Б.Осор, ахлах ахлагч Э.Төрмөнх, ахлагч О.Нямаа нарын 49 цэргийн алба хаагчийг тус тус шагналаа.


















