Эрдэнэ суманд халаалт, инженерийн шугам сүлжээ барина
Энэхүү халаалтын зуух, инженерийн шугам сүлжээ барих ажлын гэрээг өнөөдөр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Эрдэнэ сумын засаг дарга Ч.Энхмэнд, “СИЗУ” ХХК-ий захирал Н.Гантулга нар үзэглэлээ.
Мэдээллийн алба

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа түншлэлийн хүрээнд Дорноговь аймгийн Эрдэнэ сумын төв нэгдсэн халаалт, инженерийн шугам сүлжээ барих ажлыг эхлүүлэхээр боллоо. Урьдчилсан байдлаар ирэх аравдугаар сар гэхэд туршилтын халаалт, цэвэр усыг өгч эхлэхээр төлөвлөсөн байна.
Энэхүү халаалтын зуух, инженерийн шугам сүлжээ барих ажлын гэрээг өнөөдөр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Эрдэнэ сумын засаг дарга Ч.Энхмэнд, “СИЗУ” ХХК-ий захирал Н.Гантулга нар үзэглэлээ.
Дээрх ажлын хүрээнд сумын төвийн төсөвт байгууллагууд нэгдсэн халаалт, цэвэр, бохир усны шугамд холбогдох бөгөөд айл өрх, аж ахуйн нэгжүүд ч холбогдох бүрэн боломж бүрдэнэ.
Ингэснээр “Сумандаа сайхан амьдрах, хот дагасан төвлөрөл саарах эерэг өөрчлөлтүүд гарна” гэдгийг тус аймгийн засаг дарга Т.Энхтүвшин онцолж байлаа.
Эрдэнэ сумын хувьд босоо тэнхлэгийн хатуу хучилттай автозам, төмөр зам дайран өнгөрдөг зам харилцаа сайн хөгжсөн ч өнөөг хүртэл нэгдсэн халаалт, инженерийн шугам сүлжээгүй байсан юм. 2014 оноос сумын айл өрх, албан байгууллагыг нэгдсэн халаалттай болгох, инженерийн шугам барих ажлыг сумын удирдлагууд ярьж байгаа ч зарим шалтгааны улмаас шийдэгдэлгүй өнөөг хүрчээ.
Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд “СИЗУ” ХХК сумын төвд шинээр халаалтын зуух, инженерийн шугам сүлжээ барих ажлыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэх бөгөөд 20 жилийн хугацаанд тус компани хэвийн ажиллагааг ханган ажиллуулж, орон нутагт шилжүүлэх юм байна.


















