МҮОНРТ
Улс төр

Эрдэс баялгийн салбар, ашигт малтмалын чиглэлд Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал дэвшүүлэв

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Эрдэс баялгийн салбар, ашигт малтмалын чиглэлд Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал дэвшүүлэв
Эрдэс баялгийн салбар, ашигт малтмалын чиглэлд Дэлхийн банк хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал дэвшүүлэв. Зураг: МҮОНРТ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Дэлхийн банкны Металл, эрдэс баялгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Мэттю Виттенштейн болон Олон Улсын Санхүүгийн Корпорац /IFC/-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Маттьё Ле Блан нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Дэлхийн банк нь Металл, эрдэс баялгийн нэгжтэй болсныг дурдаад уул уурхай, эрдэс баялгийн салбарын хувьд Монгол Улс чухал түншүүдийн нэг болохыг тодотгов.

Энэ хүрээнд Дэлхийн банк хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөсний нэг нь Монгол Улсын хөгжлийн салбар/ ноолуур, сэргээгдэх эрчим хүч, уул уурхай/-ыг тайланд тусгасан бөгөөд маргааш “уул уурхайн 7 хоног”-т энэ талаар дурдахыг Дэлхийн банкны Металл, эрдэс баялгийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Мэттю Виттенштейн яриандаа дурдав.

Энэхүү тайланг аравдугаар сард танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Хоёрдугаарт, Дэлхийн банк Монгол Улсын хамтын ажиллагааны (Compact) буюу хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн иж бүрэн хөтөлбөр боловсруулах тухай танилцуулаад цаашилбал, Монгол Улстай Металл, ашигт малтмалын чиглэлээр ямар асуудлыг шийдвэрлэх вэ гэдгийг томьёолох санал илэрхийлэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв ярианы эхэнд Дэлхийн банк Металл, ашигт малтмалын чиглэлээр тодорхой бодлого хэрэгжүүлэх болсонд талархал илэрхийлээд олон улсад эрдэс түүхий эдийн үнэ өссөн, эрэлт нэмэгдсэн, Монгол Улсыг хөрөнгө оруулагч нар сонирхож буй энэ цаг үед Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө УИХ-аар батлуулахад бэлэн болсныг дурдахдаа боловсруулах үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулахад бэлэн болж, геологи, хайгуулын судалгааны ажил эрчимжих, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нар үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдэж буйг онцлов.

Түүнчлэн Дэлхийн банкны дурдсан Монгол Улсын эдийн засгийн суурь болсон уул уурхай, эрдэс баялгийн салбарт хийсэн судалгааны үр дүнтэй танилцахыг хүслээ.

Тэрбээр “Бид бүхэн хууль эрхзүйн орчны хүрээнд сайжруулах шаардлагатай ажлууд нэлээн бий. Харилцан мэдээллээ солилцож, суурь судалгаан дээр үндэслэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

Хуваалцах