Ерөнхий прокурор Д.Дорлигжав БНСВУ-д айлчилж байна
БНСВУ-ын Ерөнхий прокурор Нгуен Хоа Бин-ийн урилгаар Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ сарын 16-19-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхий прокурор Вьетнам Улсад ийнхүү айлчилж байгаа нь байгууллага хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байна хэмээн хо
Мэдээллийн алба

БНСВУ-ын Ерөнхий прокурор Нгуен Хоа Бин-ийн урилгаар Монгол Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ сарын 16-19-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна. Монгол Улсын Ерөнхий прокурор Вьетнам Улсад ийнхүү айлчилж байгаа нь байгууллага хоорондын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой болж байна хэмээн хоёр тал дүгнэж байгаа аж.
Айлчлалын үеэр хоёр орны хооронд 1976 онд байгуулсан Эрхийн туслалцаа харилцан үзүүлэх Ерөнхий хэлэлцээрт түшиглэн “Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар, Вьетнам Улсын Ардын дээд прокурорын газар хооронд хамтран ажиллах Протокол”-т гарын үсэг зурав.
Мөн, Ерөнхий прокурор Д.Дорлигжав Вьетнам Улсын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг-д бараалхлаа. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыөнг Тан Санг-д илгээсэн чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээг уламжилж, Монгол Улсын прокурорын байгууллагын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч байгаад Вьетнам Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийлэв. Мөн Вьетнамын прокурор, шүүх байгууллагын удирдлагатай хийсэн яриа хэлэлцээний үр дүнгийнхээ талаар танилцуулав.


















