Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2025 оны наймдугаар сарын 18-ны өдөр утсаар ярилаа.

ЗГ
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярилаа
Ерөнхий сайд Г.Занданшатар, ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй утсаар ярилаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга М.В.Мишустинтэй 2025 оны наймдугаар сарын 18-ны өдөр утсаар ярилаа.

Ярианы эхэнд М.В.Мишустин гүйцэтгэх засгийн эрхэм хариуцлагатай албан үүрэгт томилогдсонд нь Ерөнхий сайд Г.Занданшатарт баяр хүргэж, хоёр улсын иж бүрэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын түлш, шатахуун болон цахилгаан эрчим хүчний хэрэглээний тасралтгүй өсөн нэмэгдэж буй энэ цаг үед ОХУ-ын Засгийн газраас энэ оны наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл тогтоосон автобензинийн экспортын хоригт Монгол Улсыг хамруулаагүйд ОХУ-ын Засгийн газарт талархал илэрхийлэхийн зэрэгцээ баруун бүсийн Цагааннуур, Боршоо боомтоор импортолж буй автобензинийн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад анхаарахыг хүслээ.

ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустин хоёр улсын түлш, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр өөрийн зүгээс анхааран ажиллахаа мэдэгдэж, холбооны төрийн холбогдох байгууллагуудыг Монголын талтай хамтран ажиллах чиглэл өгөхөө илэрхийллээ.

Улмаар Засгийн газрын тэргүүн нар хоёр улсын хооронд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц болон цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, шийдвэрлэх чиглэлээр шуурхай хамтран ажиллах талаар санал нэгдэв.

Хуваалцах