Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ерөнхий төсөл боловсруулах үүрэгтэй үндэсний хороо байгууллаа

1990-ээд оноос эхлэн дэлхийн дунд зэргийн болон хөгжиж буй орнуудад хотжилт эрчимтэй явагдаж, 2009 он гэхэд дэлхийн нийт хүн амын 50 хувь нь хотуудад оршин суух болжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Ерөнхий төсөл боловсруулах үүрэгтэй үндэсний хороо байгууллаа
Ерөнхий төсөл боловсруулах үүрэгтэй үндэсний хороо байгууллаа. Зураг: МҮОНРТ

1990-ээд оноос эхлэн дэлхийн дунд зэргийн болон хөгжиж буй орнуудад хотжилт эрчимтэй явагдаж, 2009 он гэхэд дэлхийн нийт хүн амын 50 хувь нь хотуудад оршин суух болжээ. Хүн амын энэ эрчимтэй өсөлтийг дагаад хүрээлэн буй орчин доройтох, хотын дэд бүтцийн даац хэтрэх, хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа ихсэх гээд нийгэм-эдийн засгийн олон сөрөг үр дагавар гарсан. Иймэрхүү үр дагаврыг хамгийн ихээр мэдэрсэн нь Латин Америкийн Мексик, Бразил, Африкийн Египет, Сенегал, Нигер, Азийн Бангладеш, Энэтхэг, Пакистан, Индонези, Монгол Улс юм.

Иймд Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл боловсруулах, том хотуудын төвлөрлийг сааруулахын тулд бага, дунд хотуудын хөгжлийг дэмжих, шинэ суурьшлын төвүүд байгуулахад чиглэсэн бодлого төлөвлөгөө гаргах Үндэсний хороог Засгийн газар байгууллаа. Үндэсний хороог Ерөнхий сайд ахлаж, Барилга, хот байгуулалт, Эдийн засгийн хөгжлийн сайд нар шуурхай зохион байгуулалт хийж ажиллана.

Монгол Улсын нийт хүн ам 3 саяд дөхөж, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтаар нийслэл, 21 аймаг, 330 сум, 9 дүүрэг, 1599 баг, 121 хороо бүхий нэгжтэй болсон. Засаг захиргааны ийм өргөн бүтэцтэй ч хөдөөнөөс хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөний нөлөөгөөр хотжилтын түвшин 67 хувьд хүрчээ. Өнөөдөр нийслэл, бүсийн тулгуур төв болон аймгийн төв болох 23 хот, түүний орчимд манай улсын хүн амын 60 хувь нь амьдарч байна. Зөвхөн Улаанбаатарт нийт хүн амын 44 хувь нь төвлөрч, аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 орчим хувь нь байршиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 60 гаруй хувийг үйлдвэрлэж байна. Энэ хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа нь хот байгуулалтын нэгдсэн бодлого, төлөвлөлтийг гаргаж, хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байгаа юм.

Улс орнуудын Засгийн газар ч ийм тусгайлсан бодлого, хөтөлбөр батлан хэрэгжүүлдэг бөгөөд БНСУ-д “Үндэсний нутаг дэвсгэрийн хөгжлийн бодлого ба стратеги”, Японд “Үндэсний төлөвлөгөө”, ОХУ-д “Нутагшилт суурьшлын ерөнхий схем”, Туркт “Хот суурин газрын хөгжлийн стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөө бэлтгэх төсөл” гэсэн бодлогын баримт бичгүүд гарчээ. Үүний зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгаа, төлөвлөлтийн чиглэлээр мэргэжлийн байгууллага, хүрээлэнгүүд ч ажиллуулдаг байна. Энэтхэгийн “Хүн амын нутагшилтын институт” БНСУ-ын “Хүн амын нутагшилт, суурьшлын судалгааны институт”, БНХАУ-ын “Хот суурингийн систем төлөвлөлтийн институт”, ОХУ-ын ГИПРОГОР зэргийг энд дурдаж болно.

Хуваалцах